Group of diverse people posing on a grassy field at an outdoor event, some holding purple signs.

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл (II үе шат)

Төслийн үндэслэл

Монгол Улс УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд шинэчлэлт хийснээр жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй засаглалыг бэхжүүлэхэд чухал ахиц дэвшил гарсан. 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээс харахад УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн боловч эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоо орон нутаг болон улс төрийн намын удирдах түвшинд дутмаг хэвээр байна. 

Орон нутгийн түвшинд сонгуульд нэр дэвшигчдийн жендэрийн квот 2012 оноос хойш 20 хувьтай хэвээр байгаа ба үүний хэрэгжилтийг хангах механизм сул байна. Мөн залуучууд нийт сонгогчдын томоохон хэсгийг бүрдүүлдэг хэдий ч улс төрийн оролцооны хувьд харьцангуй доогуур түвшинд байна. Тогтолцооны саад бэрхшээл, нөөц боломжийн хязгаарлагдмал байдал, институтийн механизмын хангалтгүй байдал, жендэрийн хэвшмэл ойлголт, эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн намын соёл зэрэг хүчин зүйлсээс хамааран эмэгтэйчүүд, залуучуудын үр нөлөөтэй манлайлал, оролцоо хязгаарлагдмал хэвээр байна. 

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн төслийн нэгдүгээр үе шатны ололт амжилт, үр дүнд тулгуурлан төслийн хоёрдугаар үе шат нь төрийн шийдвэр гаргах үйл явц дахь эмэгтэйчүүд, залуучуудын тэгш оролцоо, төлөөллийг дэмжих зорилгоор хууль эрх зүй, институт, нийгэм-соёлын шинэчлэлтийг дэмжих юм. Энэхүү төсөл нь орон нутагт төдийгүй үндэсний түвшинд хэрэгжих ба Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, төрийн байгууллагууд, улс төрийн намууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, их, дээд сургуулиуд болон бусад оролцогч талуудтай хамтарч ажиллана. 

Зорилго

Эмэгтэйчүүд, залуучуудын төрийн шийдвэр гаргах үйл явцад тулгарч буй хууль эрх зүй, институтийн тогтолцоо, нийгэм-соёлын хүрээн дэх саад бэрхшээлийг бууруулах замаар тэгш оролцоо, төлөөлөл, манлайллыг дэмждэг улс төрийн оролцооны экосистемийг бэхжүүлэхэд оршино. 

Хүлээгдэж буй үр дүн

  • Үр дүн 1: Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн манлайллын чадавх бэхэжсэн байна.
  • Үр дүн 2: Эмэгтэйчүүд, залуучуудтай холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлт, түүний хэрэгжилтээр дамжин институтийн чадавх бэхэжсэн байна.
  • Үр дүн 3: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучуудын манлайллын талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэн байна.