Өөрчлөлтийн Элч Төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл
Төслийн үндэслэл
Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувийг залуучууд эзэлдэг бөгөөд энэ нь залуучууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн чадавхыг ашиглан бодитой өөрчлөлтийг бий болгох чухал боломжийг бүрдүүлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өргөн хүрээнд хангагдсан хэдий ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүжилт болон чадавхын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх, байгаль орчны зөрчил зэрэг чухал асуудлыг гүнзгийрүүлэн сурвалжилж, мэдээлэх боломж хязгаарлагдмал байна. Үүний зэрэгцээ Монголын олон залуучууд тогтвортой, зохистой цалинтай, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл бүхий ажил олоход бэрхшээлтэй тулгарч, ялангуяа үйлчилгээний салбарт хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй байна. Энэ нь зарим талаар өөрсдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт хязгаарлагдмал байгаатай холбоотой.
Энэ хүрээнд Монгол Улс 2023 оны 7 дугаар сард Бизнес ба хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, бизнесийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх үндэс суурийг бүрдүүлсээд байгаа билээ. Европын Холбооны санхүүжилттэй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” төсөл нь энэхүү үйл явцыг дэмжин, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх болон байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэхэд залуучууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог дэмжихэд чиглэж байна. Монгол Улсаас гадна Индонез, Малайз, Тайланд зэрэг улс оронд хэрэгжиж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” төсөл нь оролцоо болон чадавхыг бэхжүүлэх замаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн зарчмуудыг (UNGPs) хэрэгжилтийг дэмжиж байна.
Төсөл нь мэдээлэлтэй, идэвхтэй иргэний нийгмийг төлөвшүүлж, тэр дундаа хэвлэл мэдээлэл болон залуусын оролцоог нэмэгдүүлснээр бизнесийн хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх, байгаль орчныг хамгаалах, хүндэтгэх зарчмыг бэхжүүлж, улмаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой.
Зорилго
Индонез, Малайз, Тайланд болон Монгол улсад Бизнес ба хүний эрхийн асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг цаашид бэхжүүлж, бизнесийн үйл ажиллагаа нь хүн болон байгаль дэлхийд үзүүлэх нөлөөллийн хувьд ил тод, хариуцлагатай байх шаардлагыг нэмэгдүүлэх.
Хүлээгдэж буй үр дүн
- Үр дүн 1: Ази тивийн олон нийтийн, ялангуяа залуучуудын дунд бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрх болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэнэ.
- Үр дүн 2: Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Бизнес ба хүний эрхийн асуудлаарх мэдээ, мэдээлэл, сурвалжилгыг сайжруулж, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй арга барилыг нэвтрүүлнэ.
- Үр дүн 3: Бизнес, хүний эрх болон байгаль орчны чиглэлээр залуучууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоосыг бий болгоно.