Үр дүнд суурилсан төсөвлөлтийн чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж байна

March 22, 2024
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 3 сарын 22 –Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт-өдөрлөгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвараа нэмэгдүүллээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцсон тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран зохион байгуулав.    

Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэд, шийдвэр гаргагчид хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, улмаар ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол хүчин зүйл болдог. Өргөн хүрээний энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал юм.     

НҮБХХ

Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж үг хэлэхдээ Бид төсвийн тогтолцоогоо бусад улс орнуудад эрчимтэй нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байгаа үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн чиг хандлага руу нийцүүлж шинэчлэх томоохон зорилт тавьж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилго, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж 2020 онд УИХ-аас баталсан Алсын хараа 2050-Урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох учиртай хэмээн онцлон тэмдэглэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоог өндрөөр үнэлж Европын Холбоо нь хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзлийг ардчиллын нэгэн тулгуур багана, мөн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үздэг. Хэвлэл мэдээлэл нь төсвийн асуудалд анхаарал хандуулж, ил тод байдлыг дэмжих замаар нийгмийн сайн сайхны төлөө төр засгийн хариуцлагыг нэмэгдүүлж улмаар төрийн санхүүгийн удирдлагад онцгой хувь нэмэр оруулдаг хэмээн хэллээ.

НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж,Төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдэг бол монголчууд болон улс орны хөгжлийн замналд нөлөөлөх амин чухал сэдэв. Олон нийтэд зөв мэдээлэл түгээж, төр засаг хариуцлагатай, ил тод ажиллахад хэвлэл мэдээллийн дэмжлэг, оролцоо  онцгой чухал. Төсвийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой мэдээлэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг тул хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү өдөрлөгөөр бид төсөвлөлт, төлөвлөлтийн сэдвээр дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна гэв. 

Тус арга хэмжээний нэгэн хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр судлаач эдийн засагч, шийдвэр гаргагч болон хэвлэлийн төлөөлөл бүхий зочин оролцогчид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага зэрэг сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төсвийн чиглэлээр тулгамждаж буй асуудал, бодлого төсөвлөлтийн урт хугацааны тогтвортой байдал зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв. 

Түүнчлэн эдийн засаг, төсвийн талаарх мэдээ мэдээлэл бэлтгэхэд сүүлийн үед ашиглаж буй арга техникүүд, тухайлбал эдийн засгийн мэдээллийг тайлбарлах сэтгүүл зүйгээр хүргэх, Хиймэл оюун ухаан болон Рийл ашиглан мэдээ хийх, олон улсын хэвлэлд Монголоос мэдээ хэрхэн бэлтгэж оруулах талаар суралцах боломж сэтгүүлчдэд олдсон юм. 

***

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

Х.Отгонгэрэл, Төслийн мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн (otgongerel.khalzanbanid@undp.org

НҮБХХ