Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ногоон, хүртээмжтэй хотын хөгжлийг дэмжих cанамж бичиг байгууллаа

August 21, 2026
Two men in suits shake hands during a signing ceremony, each holding a blue folder with a crest.

Улаанбаатар хот, 2026 оны 8-р сарын 21 – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ногоон, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн чиглэлд хамтран ажиллахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр гарын үсэг зурах ёслол болж cанамж бичигт ирэх гурван жилийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлов. 

Улаанбаатар бол Ази тивд хамгийн хурдацтай өсөн тэлж буй нийслэл хотуудын нэг. Үүнтэй холбогдуулан нийтийн үйлчилгээний хүртээмж, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилт хурцаар тавигдаж байна. Эдгээр асуудлыг хотын нэгдсэн төлөвлөлт, тогтвортой санхүүжилт, иргэдийн оролцоонд түшиглэсэн ногоон хөгжлөөр шийдвэрлэхээр талууд хамтын ажиллагаагaa өргөжүүлж байна.

Санамж бичгээр талууд таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд: Улаанбаатар хотын ногоон, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нэгдсэн орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжих; хотын ногоон дэд бүтцэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх; олон нийтийн оролцоонд тулгуурласан цэцэрлэгт хүрээлэнг төр, хувийн хэвшил хамтарсан холимог санхүүжилтаар байгуулах зэргээр гэр хороололд иргэдийн оролцоонд түшиглэсэн ногоон хөгжлийн загвар нэвтрүүлэх; хүлэмжийн хийн ялгарлын бууралтын баталгаажуулалтад дэмжлэг үзүүлэх; нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломжийг судлах чиглэлүүд багтав. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ: “Улаанбаатар хотын тогтвортой хөгжил гэдэг нь иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг сайжруулах явдал юм. Эрүүл, ногоон нийтийн эзэмшлийн талбайгаас эхлээд хүртээмжтэй үйлчилгээ, эрүүл, амьдрах таатай, ээлтэй орчин үүнд багтана. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хэрэгжүүлэх хамтын ажиллагаа нь хотын урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг иргэдийн, ялангуяа гэр хороололд амьдарч буй иргэдийн, хэрэгцээнд нийцсэн бодит ажил болгоход тус дэм болно”.

Хамтын ажиллагааны хүрээнд Ногоон хотын шалгуур үзүүлэлтийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна. Мөн ногоон дэд бүтцэд төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийг өргөжүүлэх, үүний дотор ил тод, хариуцлагатай нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломжийг судлахад дэмжлэг үзүүлнэ. 

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон хэлэхдээ: “Эрчимтэй хотжилтын нөлөөгөөр Улаанбаатар хотын дэд бүтэц, суурь үйлчилгээ урьд өмнө байгаагүй их ачаалалтай тулгарч байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран иргэдийн хэрэгцээ, оролцоонд тулгуурласан, үр дүнтэй шийдлүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх болно. Бидний хамтын ажиллагаа ногоон хот төлөвлөлт, төсөвлөлтийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, мөн хотын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ногоон эрчим хүчний шилжилтийг хурдасгах, нүүрстөрөгчийн зах зээлийн боломжуудыг хөгжүүлэхэд чиглэнэ”. 

Энэ хамтын ажиллагаа НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хоёр төсөлд түшиглэнэ. Эдгээр нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБХХ, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл, “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх” төсөл юм. Уг хоёр төсөл уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгальд ээлтэй хотын хөгжил, гэр хороололд цэвэр эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх, хотын тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжихэд хувь нэмэр оруулна.

Red Ulaanbaatar sign sculpture on a sunny street with buses and modern buildings in the background.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ бол ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг арилгахын төлөө ажилладаг НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. 170 улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн, түншүүдийнхээ өргөн сүлжээнд түшиглэн хүн ард, гараг дэлхийн төлөөх цогц, урт хугацааны шийдлийг бий болгоход улс орнуудад тусалдаг.

Холбоо барих:

Б.Хулан | НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org | 976-99096434