НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр: Хөгжингүй улс орнуудын хүний хөгжил өсөн нэмэгдсэн ч буурай орнуудын тал хувь нь ухралт хийж байна

March 13, 2024
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Нью-Йорк хот, 2024 оны 3 сарын 13– Дэлхий дахинд хөгжлийн явц жигд бус байгаагаас үүдэн ядуурлын түвшинд буй бүлэг улам бүр хөгжлөөс хоцорч, тэгш бус байдал улам даамжирч мөн улс төрийн талцал, туйлшрал улам өдөөгдөж байна. Ийнхүү дэлхий нийтээрээ мухардмал байдалд ороод байгаа энэ цаг үед урагшлахын тулд бүх талууд нягт хамран ажиллах шаардлагатай байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн шинэ илтгэл онцоллоо. 

“Мухардлаас гарах нь: Талцан туйлширсан дэлхийд хамтын ажиллагааг шинээр харахуй” сэдвийн хүрээнд нийтлэгдэж буй  2023/24 оны дэлхийн Хүний хөгжлийн илтгэл (ХХИ)-д дэлхий дахины ХХИ-ийн өсөлт хуваагдмал, гүйцэт бус бөгөөд тэгш бус байгааг харуулж байна. ХХИ нь хүний хөгжлийн үндсэн гурван хэмжээс буюу урт удаан, эрүүл саруул амьдрал; мэдлэг боловсрол эзэмших боломж; мөн амьжиргааны зохистой түвшинд гарсан урт хугацааны ахиц дэвшлийг үнэлдэг нийлмэл индекс юм.

Тус илтгэлд дэлхий нийтийн хөгжлийн ахиц дэвшил 2020-2021 онд огцом саарсан ч 2022 оноос сэргэж эхэлсэн бөгөөд 2023 онд дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгааг тэмдэглэсэн. Гэвч энэ ахиц дэвшил тун жигд бус байна. Хөгжингүй улс орнууд хүний хөгжлийнхөө дээд түвшинд хүрэхээр байгаа бол буурай хөгжилтэй улс орнуудын дийлэнх нь хямралын өмнөх үеийн түвшингээсээ ч доогуур хэвээр байна.

Мөн эдийн засгийн төвлөрөлөөс үүдэн тэгш бус байдал улам нэмэгдэж байна. Тухайлбал, илтгэлд олон улсын худалдааны нийт бараа эргэлтийн бараг 40 хувь нь гурав болон түүнээс цөөн тооны улс оронд төвлөрч байгаа ба 2021 оны байдлаар дэлхийн хамгийн том гурван технологийн компанийн зах зээлийн үнэлгээ дэлхийн улс орнуудын 90 гаруй хувийнх нь ДНБ-ээс давсан байгааг онцолжээ. 

“20 гаруй жилийн турш тогтвортой буурч байсан дэлхий дахины хүний хөгжлийн ялгаатай байдал ухралт хийх хандлагатай байна. Энэ нь харилцаа холбоо өндөр хөгжсөн ч өнөөгийн дэлхий ертөнцөд бидний хамтын ажиллагаа хангалтгүй байгааг илтгэж байна. Бидний өмнө тулгарч буй нийтлэг асуудлууд болон сорилтуудыг шийдвэрлэхэд харилцан уялдаатай байдалдаа түшиглэн мэдлэг чадвараа нэгтгэн хамтран ажиллах шаардлагатай.” хэмээн НҮБХХ-ийн Захирагч Аким Штайнер хэлэв. “Харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэхэд харилцан уялдаатай шийдлүүд л шаардлагатай. Цэвэр эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаан зэрэг шинэ ахиц дэвшил, боломжид тулгуурласан хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид өнөөгийн мухардмал байдлаас ангижирч, хүний хөгжлийг ахиулсан хамтын ирээдүйгээ дахин төлөвлөж, тогтвортой ирээдүйг бий болгох боломжтой” хэмээн тэрээр мөн нэмж хэллээ. 

2022 онд Монгол Улс ХХИ-ийн 0.741 үзүүлэлтээрээ дэлхийн 193 орноос 96-р байранд орсон ба энэхүү индексийн үзүүлэлт нь 1990 онтой харьцуулахад нийт 28 хувиар өссөн байна. Мөн 1990-2022 оны хооронд Монголчуудын төрөх үеэс тооцсон дундаж наслалт 13.9 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.9 жилээр, сургуульд суралцах хугацаа 4.4 жилээр, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого [1] 127.4 хувиар тус тус өссөн байна.

“Монгол Улсын хүний хөгжлийн индекс өсөлт үзүүлж байгаа нь сайн хэрэг ч анхаарах зүйлс бий. Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ үзүүлж буй дарамтыг тооцоход ХХИ-ийн үзүүлэлт нь 16.5 хувиар буурч байгаа бол тэгш бус байдлыг тооцсон ХХИ-ийн үзүүлэлтээрээ мөн 13 хувиар буурч байна. Эдгээрээс харахад тэгш бус байдлыг бууруулах, эх дэлхийдээ үзүүлж буй дарамтыг бууруулах чиглэлүүдэд далайцтай ажиллах шаардлагатай нь харагдаж байгаа ба НҮБХХ-ийн зүгээс Монгол Улсын иргэд болон Засгийн газрыг энэ чиглэлүүдэд дэмжин ажиллах болно” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэллээ. 

Мөн илтгэлд олон улсын хамтын ажиллагаанд саад учруулж буй томоохон хүчин зүйл бол “ардчиллын гажуудал” хэмээн дурджээ. Ардчиллыг дэмжих олон нийтийн дэмжлэг сүүлийн хэдэн арван жилд өндөр буюу 10 хүний 9 нь дэмжсэн хэвээр байгаа ч, ардчиллын хэм хэмжээ, зарчмуудыг алдагдуулж буй удирдагчдыг дэмжих нь ч мөн эрс нэмэгдсэн байна. Өнөөгийн байдлаар судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь ийм удирдагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол тал хувь нь өөрсдийн амьдралыг хянан удирдах боломж бололцоо хязгаарлагдмал байгааг онцолж, гуравны хоёроос илүү хувь нь иргэдийн засгийн газрын шийдвэрт үзүүлэх нөлөө бага хэмээн үзжээ. 

Илтгэлд дэлхийн харилцан уялдаа хамааралтай шинж байдал улам бүр өөрчлөгдөж байгааг дурдан, дэлхий нийтээрээ үр ашгийг нь хүртэж болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ хүрээг хөгжүүлэх шаардлагатайг онцолж, яаралтай арга хэмжээ шаардлагатай дөрвөн чиглэлийг тодорхойлсон. Үүнд: 

  • Урьд өмнө нь тохиож байгаагүй Антропоцены сорилтуудтай нүүр тулж буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулж, тогтворжуулах үүднээс дэлхий нийтээрээ үр ашгийг нь хүртэж болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох; 
  • Хүний хөгжлийн эрх тэгш байдлыг хангах үүднээс шинэ технологийн ахиц дэвшлийг ашиглаж дэлхий нийтээрээ үр ашгийг нь хүртэх дижитал бараа, үйлчилгээг бий болгох;
  • Бага орлоготой улс орнуудад үзүүлэх хүмүүнлэгийн болоод хөгжлийн тусламжид суурилсан өнөөгийн олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн санхүүгийн шинэ, өргөтгөсөн механизмуудыг бий болгох; 
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд чиглэсэн засаглалын шинэ арга барилаар дамжуулан улс төрийн талцал, туйлшралаас ангижрах.

Энэ хүрээнд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн илтгэлд  дурджээ. Учир нь хоёр талт хамтын ажиллагаа нь даяарчлалын шинж чанартай дэлхий нийтээрээ үр ашгийг нь хүртэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгэээг бий болгоход хангалтгүй юм. 

“2023 оны Хүний Хөгжлийн Илтгэл”-ийн тухай дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: https://hdr.undp.org/content/human-development-report-2023-24

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг www.undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 
 


[1] Нэг хүнд ногдох ҮНО (2017 ХАЧП$) нь амьжиргааны зохистой түвшинг худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн (доллар) нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор тодорхойлно. Өөрөөр хэлбэл ҮНО-ыг нэг ижил худалдан авах чадвартай ам.доллараар илэрхийлсэн, ингэхдээ 2017 оны зэрэгцүүлэх үнийг ашигласан.