Хувийн хэвшлийн салбарын төлөөллүүд хүний эрхийг хүндэтгэн хариуцлагатайгаар бизнес эрхлэхийг сонгож байна

April 28, 2023

Хувийн хэвшлийн салбарын төлөөллүүд хүний эрхийг хүндэтгэн хариуцлагатайгаар бизнес эрхлэхийг сонгож байна

НҮБХХ

Улаанбаатар, 2023 оны 4 сарын 28: Бизнесийн байгууллагууд Тогтвортой Хөгжлийн Зорилгод хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй бизнес эрхлэхийн тулд хүний эрхийг хүндэтгэн ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгвэл өчигдөр Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Бизнес ба хүний эрх глобал төслөөс “Хүний эрхийн магадлан шинжилгээний талаарх туршлага хуваалцах” уулзалтыг зохион байгуулав. Төслийн хүрээнд таван компанид хүний эрхийн эрсдлийн түргэвчилсэн шинжилгээ хийх тусгайлсан зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уулзалтын үеэр дээрх компаниуд төсөлд хамрагдсан туршлага, олж мэдлсэн зүйлс болон төслийн үр өгөөжийн талаар оролцогч компаниуд болох дотоодын болон Японы ханган нийлүүлэгч компаниуд өөрсдийн туршлагаа хуваалцлаа. 

Мөн дээрх уулзалтаар өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн төслийн үр дүнг тайлагнасан бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй дотоод болон гадаад компаниудад хүний эрхийн магадлан шинжилгээний талаарх сургалт, зөвлөгөөг төслийн хүрээнд буюу Бизнес ба Хүний эрх Академиас олгосон билээ. Одоогийн байдлаар төслийн зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай 140 компани болон бизнесийн холбоодын нийт 260 гаруй төлөөллийг НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмуудад нийцүүлэн бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн хүний эрхийг хүндэтгэн ажиллах вэ гэдэг талаарх шаардлагатай гарын авлага материал болон мэдлэг ойлголтыг олгоод байна.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч хатагтай Лин Цао аливаа бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг эн тэргүүнд тавьснаар эмэгтэйчүүдийг чадавхижуулах, зохистой ажлын байрыг бүрдүүлэн хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, компанийн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн тогтвортой байдлаа авч үлдэх бүрэн боломжтой болох ач холбогдлыг онцлон дурдаад “Бизнесийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ тогтмол хийдэг хариуцлагатай бизнесүүд дэлхий дахинд нэмэгдэж байна. Учир нь бизнесийн салбарууд эрүүл, хөгжин дэвжиж буй нийгэмд ямар цар хүрээтэй нөлөө үзүүлж байгаа ач холбогдлоо илүү сайн мэдэрдэг болсон” гэв.  

Төслөөс зохион байгуулсан хүний эрхийн эрсдлийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан компаниуд үйл ажиллагаандаа гарч болзошгүй аливаа хүний эрхийн эрсдэл, сорилт бэрхшээлээ өөрсдөө илрүүлж тодорхойлсны үндсэн дээр өөрсдийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээндээ хүний эрхийг хүндэтгэн ажиллахаар богино болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Дээрх төлөвлөгөөнүүдэд ажлын аятай таатай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг улам сайжруулах, ажлын байран дахь аливаа дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх бодлогыг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдал, оролцоо болон ялгаатай байдлыг дэмжих зэрэг асуудлыг тусгаад эхнээсээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байна.  

Түүнчлэн, эдгээр компаниуд нь НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмуудад заасанчлан өөрсдийн үйл ажиллагаа, онцлогт тааруулан хүний эрхийн бодлоготой болох, хүний эрхийн магадлан шинжилгээг тогтмол хийх, зөрчигдсөн эрх сэргээн эдлүүлэх үр дүнтэй гомдол барагдуулах механизмтай болохоор төлөвлөгөөндөө оруулжээ.  

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Нэмэлт мэдээллийг: О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр erdenesukh.otgonbayar@undp.org