Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсад хүртээмжтэй, тогтвортой эрчим хүчний шинэчлэлийг дэмжих “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ”-г танилцууллаа
November 3, 2025
Улаанбаатар, 2025 оны 11-р сарын 3 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Эрчим хүчний яамтай хамтран, Тогтвортой хөгжлийн зорилгын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү бодлогын санал нь цэвэр, хүртээмжтэй, тэгш эрчим хүчний шилжилт, шинэчлэлийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх үндсэн чиглэл болж буйгаар онцлог юм.
“Монгол Улсад тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан тус хүрээ нь үндэсний эрчим хүчний ногоон шилжилт нь нийгмийн хувьд шударга, эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хувьд хариуцлагатай байхыг хангах стратегийн баримт бичиг юм. Энэхүү хүрээнд эрчим хүчний шинэчлэл, нийгмийн хамгаалал, эдийн засгийн төрөлжилтийг уялдуулсан нэгдсэн бодлогын чиглэлийг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх үйл явцад аливаа иргэн, өрх, бүс нутгийг орхигдуулахгүйгээр тэгш, хүртээмжтэй шилжилт хийх зорилгыг дэвшүүлсэн байна.
Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж. Хичээнгүй: “Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Эрчим хүчний яам нь тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг тууштай зорьж байна. Энэхүү хүрээ нь бидэнд эрчим хүчний шинэчлэл, уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нэгдсэн чиглэл, тодорхой удирдамжаар хангаж байна. Энэ нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтууд болон олон улсын үүрэг амлалтад бүрэн нийцэж байгаа юм” хэмээн онцлов.
Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж. Хичээнгүй
Монгол Улсын эрчим хүчний салбар олон жилийн турш улсын эдийн засгийн тогтвортой байдлын гол тулгуур байсаар ирсэн боловч одоогийн бүтэц, зохион байгуулалт нь цэвэр агаар, төсвийн тогтвортой байдал болон нийгмийн тэгш өсөлтийг хангахад шинэ сорилтуудыг бий болгож байна. “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ” нь эдгээр сорилтыг хөгжлийн боломж болгон хувиргах бодлогын гарц бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ногоон дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 2,600 гигаваттаас давсан нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс нь зохион байгуулалттай, тэгш шударга бодлого хэрэгжүүлснээр бүс нутгийн хэмжээнд цэвэр эрчим хүчний тэргүүлэгч орон болох бүрэн боломжтой юм.
Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: “Энэхүү хүрээ нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн цөмд хүнийг тавьж байна. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын удирдлага, Тогтвортой хөгжлийн зорилгын хамтарсан сангийн дэмжлэгийн дор НҮБ-ын агентлагууд нэгдмэл байдлаар хамтран ажиллаж, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь нийгмийн бүх бүлэгт үр өгөөжөө өгөх, зохистой хөдөлмөрийг дэмжих, нийгэм, эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд анхаарч байна” гэж дурьдав.
Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн
Арга хэмжээний үеэр холбогдох яам, агентлаг болон зохицуулах байгууллагуудын удирдлагууд, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг” хэрэгжүүлэх бодит арга зам, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, тэгш шилжилтийн зарчмуудыг үндэсний эрчим хүч болон уур амьсгалын бодлогод тусгах чиглэлээр тууштай хамтран ажиллахаа мэдэгдлээ.
“Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг Монголын эрчим хүчний шилжилтийн хурдасгуур болгон ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийн оролцогчид тус хүрээ нь хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг дэмжих, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах, ногоон ажлын байр бий болгох, ялангуяа нүүрснээс хамааралтай бүс нутагт шинэ эдийн засгийн боломж нээхэд чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төр, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн нягт хамтын ажиллагаа нь энэхүү хүрээний зорилго, үзэл баримтлалыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх гол нөхцөл болохыг онцолсон юм.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “Энэхүү хүрээ нь бидний ажлын чухал үр дүнг харуулахын зэрэгцээ цаашдын ажлын эхлэлийг тавьж байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг ногоон мөн шударга бөгөөд хүртээмжтэйгээр тууштай хэрэгжүүлэхийн баталгаа болж буй энэхүү баримт бичгийг бодит ажил болгоход үндэсний манлайлал, зохицуулалтыг сайжруулж, тогтвортой эрчим хүчний хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх нь нэн чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэхүү хүрээг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тулгуур болгон институцийн түвшинд бататгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээн дүгнэн хэллээ.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска
2035 он гэхэд тус хүрээ нь олон улсын түншүүдийн дэмжлэгтэй санаачилгаас Монгол Улсын тэгш, тогтвортой эрчим хүчний шилжилтийг чиглүүлэх үндэсний бодлого болон хөгжиж, дотоодын мэдлэг, туршлага, хамтын суралцах үйл явцаар тасралтгүй шинэчлэгдэн сайжрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай
ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org