Mongolia

Жендэрийн Эрх Тэгш Байдал ба Эмэгтэйчүүдийн Чадавхжуулалт

Жендэрийн эрх тэгш байдал нь Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр 2030-д тусгагдсан гол зорилгуудын нэг бөгөөд тус хөтөлбөрт бүх зорилго, зорилтуудын хэрэгжилт нь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтаас шууд хамааралтай хэмээн тусгасан байдаг. 

НҮБХХ-ийн жендэрийн эрх тэгш байдлын төлөөх хүчин зүтгэл нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх, шударга, тогтвортой нийгмийг бий болгох, Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр 2030-д хүрэх зорилгуудын салшгүй нэг хэсэг юм. 

“Жендерийн Тэгш Байдлын Стратеги 2022-2025” нь НҮБХХ-ийн ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтыг нэмэгдүүлэх амлалтуудад суурилдаг ба улс орнуудад ялгаварлан гадуурхалтын оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж буй эрх мэдлийн бүтэц, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх цогц арга барилд шилжихэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү баримт бичигт НҮБХХ нь түншүүдтэйгээ хамтран зургаан гол шийдэл болон гурван идэвхжүүлэгчээр (инновац, дижитал шилжилт, ТХЗ-ын санхүүжилт) дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүсийн амьдралд үзүүлж буй эерэг нөлөөлөл, жендэрийн эрх тэгш байдлын баримтлалын тухай тайлбарласан болно. Мөн, тус баримт бичигт жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох; ядуурал дахь жендэрийн асуудлыг шийдвэрлэх; цэвэр, хямд эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх; төрийн байгууллагуудад шинэчлэл хийх; жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төрийн болон хувийн хэвшлийн нэмэлт хөрөнгө оруулалтыг нээхэд дэмжлэг үзүүлэх зэрэг гол асуудлуудыг тусгасан байна. 

Түүнчлэн НҮБХХ нь судалгаа шинжилгээ, хууль тогтоомж, бодлого боловсруулалтын бүх түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг ханган, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол Улс дахь Жендэрийн эрх тэгш байдал

Монгол Улс нь хэдийгээр жендерийн хөгжил өндөр орнуудын тоонд багтдаг ч НҮБХХ-ийн 2022 оны Хүний хөгжлийн илтгэлээс харахад жендэрийн тэгш бус байдлын индекс нь бүс нутаг болон дэлхийн дунджаас доогуур байна. Түүнчлэн, НҮБ-ын Хүн Амын Сангийн 2017 оны судалгаанаас харахад дунджаар 3 эмэгтэй тутмын 2 (57.9%) нь  амьдралынхаа аль нэг үед хамтрагч эсвэл урьд нь хамтран амьдарч байсан этгээдийн үйлдсэн (бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, хянах зан үйл, эдийн засгийн) хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Мөн, статистик үзүүлэлтээс залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн гол шалтгаан нь төрөлт, хүүхэд асралтын ажилтай холбоотой байгааг харж болох ба хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийн хязгаарлагдмал байдал нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн карьерт урт хугацааны завсарлага үүсгэдэг болохыг харж болох юм.

МУ-ын Засгийн Газрын жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс аливаа нийгэм, эдийн засгийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх, жендерийн ялгаварлан гадуурхалтаас  урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэгддэг. МУ-ын Засгийн Газар нь жендерийн тэгш байдлын талаар охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. 

2011 онд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах замаар олон нийтийн дунд жендэрт суурилсан хэвшмэл ойлголтыг арилгах цогц арга хэмжээг дэмжих гол баримт бичгүүд болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүд батлагдсан. 

НҮБХХ-ийн Жендерийн Нийгмийн хэм хэмжээний индексээс харахад ойролцоогоор хүн амын тал хувь нь эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү сайн улс төрийн удирдагч болно гэж үздэг байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд парламентын суудлын дөнгөж 24 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сонгуульд МУ-ын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, идэвхтэй оролцдог боловч улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй хэвээр байгаагаас гадна өнөөг хүртэл эмэгтэй хүн Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашаагүй байгаа юм. Мөн, 2020 оны байдлаар МУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 24.9 хувиас хамаагүй доогуур байна.

 

Монгол дахь НҮБХХ-ийн жендэрийн эрх тэгш байдлын оролцоо болон тэргүүлэх чиглэл

Эмэгтэйчүүд эрх тэгш байдлаар удирдлагад оролцож чадсан үед улс орон хөгжин цэцэглэдэг.

Монгол дахь НҮБХХ нь Сайн Засаглал, Байгалийн нөөцийн менежмент, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хөтөлбөрүүдийнхээ хүрээнд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг голлон авч үздэг. Тэр дундаа шийдвэр гаргах түвшин болон төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, эко аялал жуулчлалалыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулалт зэрэг ажлуудад онцгой анхаардаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй, хүн бүр эрх тэгш байдлаар хөгжлийн хүчин чармайлтад оролцон нөлөөлж, үр шимийг нь хүртэх боломжтой гэсэн үг юм.

Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог илүү чухалчилсан гурван үндсэн чиглэлийг тодорхойлсон. Үүнтэй холбогдуулан НҮБХХ нь байгууллагуудын чадавх, хууль эрх зүйн орчин, механизмыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтуудыг нэмэгдүүлэн хэвшмэл ойлголтуудыг арилгах зэргийг дэмжин ажиллаж байна. Мөн, эдгээр хүчин чармайлтуудыг иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй уялдуулан жендэрийн тэгш байдлын сорилтыг шийдвэрлэхэд анхааран ажиллах болно. 

Монгол дахь НҮБХХ нь МУ-д жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор олон оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Жендэрийн тэгш байдлыг ахиулж, хөгжлийн үйл явцад эмэгтэйчүүдийг чадавхжуулан манлайлагч, идэвхтэй оролцогч болоход нь дэмжлэг үзүүлэх замаар бид МУ-д эмэгтэй, эрэгтэй хүн бүрт тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохыг зорин ажиллаж байна.

Байгууллагын өөрчлөлт:

НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрууд Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээгээр (UNDP Gender Equality Seal Certification) дамжуулан өдөр тутмын шийдвэр, үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдлыг нэгтгэж, байгууллагын хүрээнд жендэрийн тэгш байдлыг эрхэмлэж байгаагаа нотолж байгаа юм. 

Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээ олгох санаачилга нь жендэрийн тэгш байдлыг хангадаг байгууллагын соёлыг сурталчлах, хөгжлийн ажлын бүхий л салбаруудад жендэрийг уялдуулах замаар улс орнууд дахь суурин төлөөлөгчийн газруудыг тогтсон стандартад нийцүүлэхэд түлхэц болж байна. 

Манлайлал, интеграцчлал, мэдлэг ба инновац, соёл, санхүүжилт, эгэх хариуцлага, харилцаа холбоо гэх жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээний долоон харилцан уялдаатай бүрэлдэхүүн хэсгүүд нь улс орнууд дахь Суурин төлөөлөгчийн газруудын нөлөөллийг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үр дүнгүүдэд хүрэхэд тусладаг.