Бэлэн байдлаас бодит хэрэгжилт: Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн замнал
July 28, 2026
Монгол Улс уур амьсгалын бодлогын түүхэн шинэ үе шатанд шилжин орж байна. 2026 оны 7-р сарын 3-нд Улсын Их Хурал Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан нь төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн байлаа. Энэхүү чухал үйл явдал нь Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээл хөгжих эрх зүйн болон институцийн орчныг бүрдүүлэх, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд чухал алхам болж байгаа бөгөөд мөн цаашлаад 2026 оны 8-р сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй чухал цаг үед тохиож байна. Энэхүү хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь улсын хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болж байна.
Эрчим хүч, газрын ашиглалт, хөрөнгө оруулалт, засаглалын чиглэлээр гаргаж буй өнөөдрийн шийдвэрүүд нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эдийн засгийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөрөнгө оруулалтыг татах чадамжийг урт хугацаагаар тодорхойлох болно. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль нь төрийн байгууллагуудын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн арга барил руу шилжих суурийг тавьж байна. Энэхүү хууль нь байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгож, хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн, салбар бүрийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох төлөвлөлтийг бий болгох, уур амьсгалын санхүүжилтийг татах эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэл нь болж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБXX) тус хууль боловсруулах эцсийн шатанд Монгол Улсын Засгийн газарт техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. Уур амьсгалын тухай хууль дангаараа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахгүй. Харин Монгол Улсын нүүрстөрөгч багатай хөгжилд чиглэсэн шилжилтийг дэмжих төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай засаглал, хариуцлагын тогтолцоо, урт хугацааны бодлогыг орчиныг бүрдүүлнэ.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэйгээр НҮБXX-ийн хамтран хэрэгжүүлж буй Нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Парисын хэлэлцээрт нийцсэн, ил тод, хүртээмжтэй нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх институцийн, техникийн болон зохицуулалтын суурийг бүрдүүлж байна. Үүнд нүүрстөрөгчийн кредитийн бүртгэлийн систем хөгжүүлэх, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцоог бэхжүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд ялгарлыг бууруулсан үр дүнг зөвшөөрөх, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулах, мөн хувийн хэвшлийн хариуцлагатай оролцоог дэмжих зах зээл хөгжүүлэлтийн замын зураглал боловсруулах зэрэг ажлуудыг хийж байна. Энэ нь төр, хувийн хэвшил болон орон нутгийн иргэд нүүрстөрөгчийн кредитийг итгэлтэйгээр арилжаалах боломжтой зах зээлийг бий болгох суурь ажлууд юм.
Нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдал нь бодит хөрөнгө оруулалтыг татаж, хэмжигдэхүйц үр өгөөж иргэдэд авчирч чадсан тохиолдолд л жинхэнэ бодит үнэ цэнэ бий болно. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт гэр хорооллын нүүрсээр галладаг халаалт нь өвлийн улиралд агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд агаарын чанар, иргэдийн эрүүл мэнд, эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. НҮБХХ-ийн “Нарны Илч” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон URECA компанитай хамтран 2024 оноос эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчний эх үүсвэр бүхий халаалтын системийг суурилуулж байна.
Энэхүү санаачилга нь сэргээгдэх эрчим хүчид айл өрхүүдийг шилжүүлэх боломжийг өргөжүүлсэн. НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр жижиг оврын сэргээгдэх эрчим хүчний системтэй болсон айл өрхүүд өөрсдийн хэрэглээгээ хангаад зогсохгүй илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж, борлуулах эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ төслийг өргөжүүлбэл сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн өрхийн хэрэглээ биш, харин цаашлаад нэмэлт орлого олох хөрөнгө оруулалт болгон хувиргаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан, агаарын чанарыг сайжруулах боломж юм.
Уур амьсгалын бодлогын үр дүн нь хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг бий болгосоноор хэмжигдэнэ.
Суурьлуулсан нарны эрчим хүчний системийн улмаас түлж хэрэглээгүй нүүрсний хэмжээг ухаалаг тоолуур ашиглан бүртгэсэнээр тухайн айлын нүүрстөрөгчийн кредитийг найдвартай баталгаажуулах систем бий болж байна. Туршилтын эхний 68 өрхөд Gold Standard-ын нарны цахилгаан үүсгүүрийн халаагуурын аргачлалын хүрээнд нийт 392 тонн нүүрстөрөгчийн кредит бий болсон байна. Эдгээр кредитийн борлуулалтаас олсон орлогыг Нарны илч санаачлагын хүрээнд дахин хөрөнгө оруулж дараагийн уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэх эерэг мөчлөгийг хөгжүүлэх боломжтой. Энэхүү загварыг цааш өргөжүүлэхэд зөвхөн нүүрстөрөгчийн кредит хангалтгүй. Өвөлдөө нийслэлийн хүн амын бараг тал хувь нь нүүрс түлсээр байгаа өнөөдрийн нөхцөлд цэвэр халаалтын шийдлийг бүхэл хотын хэмжээнд хэрэгжүүлэхэд арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагуудын оролцоо зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс энэ оны 8-р сард "Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая." уриан дор COP17 хурлыг зохион байгуулж байна. Тус олон улсын хурал нь дэлхийн нийтийн анхаарлыг газрын доройтол, ган гачигт тэсвэртэй байдал, цөлжилтийн асуудалд хандуулахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар уур амьсгалын асуудлыг улсын бодлогын түвшинд чухалчлан үзэж бодлого хэрэгжүүлэлтийн институцийн тогтолцоо, арга зүй, санхүүжилтийн механизмууд зэргийг уялдаатайгаар бий болгож байгаагаа олон улсад харуулах чухал боломж болж байна.
Нарны илч санаачлага нь энэхүү ногоон эрчим хүч, ногоон хөгжлийн шилжилт хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжиж болохыг харуулж буй тод жишээ юм. Энэ төсөл нүүрсний хэрэглээг бууруулж, өрхийн амьдрах орчныг сайжруулан, хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг бодитоор бий болгосноор байгаль орчин, нийгэмд эерэгээр үр өгөөж авчирч болохыг нотолж байна. COP17 хурлын үеэр уг санаачилгыг бодлогын дэмжлэг, зах зээлд суурилсан механизм, орон нутгийн шийдлүүдийг уялдуулж, ногоон хөрөнгө оруулалтыг татаж, уур амьсгалд дасан зохицох байдлыг хэрхэн бэхжүүлж болохыг харуулсан бодит жишээ болгон танилцуулна. Мөн энэхүү санаачилгын хүрээнд бий болсон нүүрстөрөгчийн кредитүүдийг хурлын үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэхэд ашиглах юм.
Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээл хөгжлийнхөө эхэн үед байна. Нүүрстөрөгчийн кредитын бүртгэлийн систем хөгжүүлэлт явагдсаар, хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийн бэлэн байдал хангалтгүй хэвээр, Улаанбаатарын гэр хороололын ихэнх айл өрхүүд өвлийн улиралд нүүрс түлсээр байна. Гэхдээ энэ жил хууль эрх зүйн болон институцийн тогтолцоогоо бэхжүүлж чадсанаар Монгол Улс цаашид уур амьсгалын салбарт гадны хөрөнгө оруулалт татах сууриа бүрдүүлж чадсан. Харин энэхүү ахиц дэвшил бодит өөрчлөлт болж чадах эсэхийг хэмжих шалгуур нь Улаанбаатар xoтын иргэд цаашид илүү цэвэр агаартай өвлийг өнгөрөөж чадах эсэх байх болно.