Нүүдэлчдийн эх орон ба хиймэл оюун

December 2, 2025
Nomadic camp with yurts and horseback riders at dusk, distant mountains, wireless icons.
НҮБХХ

Хиймэл оюун нийгмийг асар хурдацтайгаар өөрчилж байна. Гэвч үүнээс гарах үр, өгөөж болон үүсэх хүндрэл, бэрхшээлүүд нь улс орнуудын дунд тэнцвэргүй байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн газар нийтэлсэн “Хиймэл оюун улс орнуудын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх эрсдэл” тайланд дурдсанаар хиймэл оюуныг зарим улс орнууд хурдтай нэвтрүүлэх үед дижитал дэд бүтэц, засаглал султай орнууд хол хоцрох эрсдэл нэмэгдэж байна.

Улс орнуудын хоорондох ялгаатай байдлыг үүсгэx хоёр суурь шалтгаан бий: нэг талаас хиймэл оюуныг нэвтрүүлэх хурд удаашрах, нөгөө талаас хиймэл оюуны зөв бодлогогүйгээр яаран нэвтрүүлж, ингэснээр үүсэх аливаа цочрол, эрсдэлд өртөх явдал юм. Дэд бүтэц, ур чадвар, засаглалын тогтолцоо нь сул улс орнууд хиймэл оюуны өгөөжийг бүрэн хүртэж амжилгүй, ажлын байрны алдагдал, мэдээллийн хоцрогдол, эрчим хүчний хэрэглээ өсөх зэрэг дарамтуудтай тулгарах магадлалтай. 

Бүс нутгийн энэ нөхцөлд Монгол Улс онцгой нэгэн жишээ болж байна. Cорилтуудтай тулгарахийн зэрэгцээ хиймэл оюуныг саад бус, харин боломжийн гүүр болгохыг зорьж буй юм.

НҮБХХ

Дэлхийг хамарсан эрсдэл ба Монгол Улсын сонголт 

Хоёр их гүрний дунд оршдог, 3.5 сая хүн амтай залуу ардчилсан улс болох Монгол нь өргөн уудам нутагтай ч холболтын тасалдал, эрс тэс уур амьсгал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудтай өдөр бүр тулгарч байна. 

Тиймээс Монгол Улс хиймэл оюуныг нэвтрүүлж эхлэхдээ технологийн манлайлагч болох гэсэн эрмэлзлээс илүүтэй, хэнийг ч орхигдуулахгүйгээр бодит асуудлуудыг шийдэх зайлшгүй хэрэгцээнд тулгуурласан юм.

Conference audience watching a presentation; slide with diagrams on screen, flags on stage.
НҮБХХ

Хүртээмжтэй хиймэл оюуны замнал 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хандахдаа “Бид хиймэл оюуныг хэрхэн нэвтрүүлэх вэ?” гэж асуугаагүй. Харин “Хиймэл оюун хэрхэн шинэ төрлийн тэгш бус байдлыг үүсгэхгүйгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж чадах вэ?” гэж асуусан юм. 

Энэ асуулт нь Монголын хариуцлагатай, хүртээмжтэй хиймэл оюуны замналын суурийг тавьсан. 

Монгол Улсад чамгүй олон давуу тал бий: цахим орчинд идэвхтэй залуу хүн ам, интернэт сүлжээний 84 хувийн хүртээмж ба олон сая иргэн ашигладаг төрийн үйлчилгээний e-Mongolia платформ. Гэвч үүний зэрэгцээ олон сорилтууд ч бий. Тухайлбал, 27 мянган мэдээллийн технологийн мэргэжилтний хомсдол, хөдөө орон нутагт тасалдалтай сүлжээ, албан ёсны хиймэл оюуны ёс зүйн хүрээний дутагдал, өгөгдлийн системийн дутмаг байдал. 

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дараах хоёр санаачилгыг хэрэгжүүлсэн: 

  • Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээгээр дэд бүтэц, ур чадвар, өгөгдөл, ёс зүйн бэлэн байдлыг бүрэн хэмжээгээр тодорхойлсон
  • Хиймэл оюуны ирээдүй ба хэтийн төлөвийг тодорхойлох загварчлалаар 2050 онд хиймэл оюуныг бүрэн нэвтрүүлсэн Монгол Улс ямар байх боломжтойг төсөөлөн харуулсан 

Эдгээр судалгааны дүгнэлтүүд нь 2025 онд батлагдсан Монгол Улсын анхны их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн суурь болсон. Тус стратегийн зорилго нь нийгмийн, эдийн засгийн, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хиймэл оюуныг ашигласнаар Монголыг Азид манлайлагч 10 улсын нэг болгох явдал юм. 

Panelists seated at a long table on a blue conference stage with a large screen behind.
НҮБХХ

Энэхүү стратеги нь хариуцлагатай хиймэл оюуныг зарчимладаг дөрвөн стратегийн зорилт болон тодорхой санхүүжилттэй 66 бодит төслийг багтаасан баримт бичиг юм. Гол чиглэл нь 60 мянган төрийн албан хаагчийг сургах, төрийн удирдлага, уул уурхай, эрүүл мэндийн салбарт 50 төрлийн хиймэл оюуны шийдэл хөгжүүлэх, судалгаа ба инновацийг дэмжих Монголын анхны Үндэсний хиймэл оюуны төвийг байгуулах зэрэг юм. 

Гэвч тоо баримтаас илүүтэйгээр энэхүү стратегийн онцгой зүйл нь баримталсан өнцөг юм. Зорилт бүрийг дараах гурван асуултаар шинжилсэн: Хэн ашиг хүртэх вэ? Хэнд сөрөг нөлөө учирч болзошгүй вэ, хэрхэн хамгаалах вэ? Байгаа нөөц боломжоороо хэрхэн шинэ шийдлүүдийг гаргах вэ?

Монгол Улс хариуцлагатай хиймэл оюун гэдэг нь алгоритмаас эхэлдэггүй харин хүмүүс, засаглал, хүртээмжээс эхэлдэг гэдгийг онцолсон юм.

Two women sit at a conference table with laptops, nameplates and attendees in the background.
НҮБХХ

Бусад улс орнуудад өгөх гурван сургамж 

Монголын жишээ дараах гурван гол санааг харуулж байна: 

  1. Хиймэл оюуны супер хүчтэн байх шаардлагагүй—гэхдээ шударга, ил тод байх хэрэгтэй. Өөрийн нөхцөл байдлын бодит үнэлгээг, олон талын өргөн оролцоотой хослуулснаар Монгол Улс хэрэгжих боломжтой, нөxцөл байдалдаа тохирсон замын зураглалыг гаргаж чадсан.
  2. Зөв засаглал бол нэмэлт үзүүлэлт биш, үндэс суурь юм. Өгөгдлийн удирдлага, хувийн нууцлал, ил тод байдал, хүртээмж, цөмийг нь Монгол Улс хиймэл оюуны үзэл баримтлалдаа анхнаас нь багтаасан.
  3. Хиймэл оюун улс орнуудын үнэт зүйлсийг тусгах ёстой. Монголын стратеги нь нүүдэлчдийн соёл, уур амьсгалын зорилт, хөдөөгийн иргэдийг хамруулах зарчмыг шингээсэн. Бэлчээрийн тогтвортой менежментийг хиймэл оюунаар дэмжих болон зудын эрсдэлийг урьдчилан таамаглах зэрэг технологийн шийдлүүд нь үндэсний хэрэгцээ, соёлтой уялдаж байгаа юм. Aсуудлыг шийдвэрлэх хурднаас илүүтэй тогтвортой шийдвэрлэх зарчмыг баримталж буй хэрэг юм. 

Энэ бол улсын тэргүүлэх чиглэл, нийгмийн тогтолцоо, ард иргэдэд үйлчлэх хиймэл оюуны хөгжил юм. 

НҮБХХ

Сонголт бидний гарт байсаар 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн тайланд дурдсанаар xиймэл оюун тэгш бус байдлыг бууруулах уу, эсвэл улам гүнзгийрүүлэх үү гэдэг нь улс орнууд өнөөдөр ямар сонголт хийхээс шалтгаална. Монголын хиймэл оюуны замнал дөнгөж эхэлж байгаа боловч баримталж буй хүн төвтэй, дасан зохицох чадамжтай, хүртээмжтэй чиг хандлага нь ирээдүйд итгэл төрүүлж байна. 

Дижитал ирээдүй рүү хурдтай шилжиж буй энэ үед Монгол Улсын баримталж буй зарчим тодорхой: Хэн ашиг хүртэх вэ? Хэн орхигдох вэ? Бид ямар ирээдүйг бүтээж байна вэ? 

Эдгээр асуултыг тавьсанаар хиймэл оюун зүгээр нэг дижитал хэрэгсэл биш, харин хүн төвтэй хөгжлийг түүчээлэх түлхүүр болдог.