Тогтвортой мал аж ахуйн зээлийн удирдамж
Тогтвортой мал аж ахуйн зээлийн удирдамж
June 3, 2026
Энэхүү тайланг Үндэсний нэгдсэн санхүүжилтийн тогтолцоо (INFF)-ны санхүүжилттэй “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулав.
“Тогтвортой мал аж ахуйн зээлийн удирдамж” нь Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйд тулгамдсан асуудлуудыг тогтвортой санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэх анхны цогц, шинэлэг тогтолцооны баримт бичиг юм. Энэхүү удирдамжийг боловсруулахдаа тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийг тэсвэрлэх чадавх, хүртээмжийг гол зарчмаа болгож, Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ), ногоон, хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын зарчмууд болон Хариуцлагатай нүүдэлчин үндэсний стандарттай нийцүүлсэн болно. Монгол Улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд чухал ач холбогдолтой мал аж ахуйн салбарт олон сорилтууд тулгараад байгаагаас нэн тэргүүнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай нь мал аж ахуйн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн хомс, бэлчээрийн доройтол газар авсан, УАӨ-д эмзэг байдал юм. Эдгээр асуудал нь зөвхөн малчдын амьжиргаанд заналхийлээд зогсохгүй, хот суурин газар луу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, түүнээс улбаалан агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрэх зэргээр нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг улам хүндрүүлж байна.
Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү удирдамжийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Үүнд: Нүүдлийн мал аж ахуйн тулгамдсан асуудал, онцлогт тохирсон үр нөлөө сайтай зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудад шаардлагатай аргачлал, загвар, маягтуудыг бий болгох; УАӨ-ийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой мал аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх үйл явцыг урт хугацааны санхүүжилтээр дэмжих, үр дүн, үр нөлөөг оновчтой урамшуулах; Жижиг аж ахуйтан, эмэгтэй, туршлага багатай, залуу гэх мэт санхүүгийн хүртээмж, боломж хязгаарлагдмал байдаг бүлгийг зээлийн үйлчилгээнд хамруулах боломжийг нээх, өргөжүүлэх тус тус багтана.
Ишлэл: “НҮБХХ. 2025. Тогтвортой мал аж ахуйн зээлийн удирдамж. Улаанбаатар.”