Биологийн олон янз байдлын тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжих төсөл

Төлөв:    Идэвхтэй 
Эхлэх хугацаа: 2023 оны 1 дүгээр сар
Ажиллах чиглэл:  Байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба биологийн олон янз байдлын хамгаалал
Төслийн байршил:Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
Санхүүжүүлэгч:Даян дэлхийн байгаль орчны сан 
Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин аялал жуулчлалын яам

Төслийн танилцуулга

Биологийн олон янз байдал, түүний үр өгөөж нь хүний сайн сайхан байдал болон манай гараг дэлхий оршин тогтнох үндэс суурь нь болдог. Хэдийгээр биологийн олон янз байдлыг хамгаалах хүчин чармайлт гаргасаар байгаа ч дэлхий даяар биологийн олон янз байдлын доройтол нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдаар явагдаж байна. Манай дэлхийд тулгамдаж буй энэ хямралыг шийдвэрлэх, өөрчлөлт шинэчлэлийг хийх хугацаа маш бага үлджээ. 

Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага тулгамдаж буй энэ үед улс орнууд Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Кунмин-Монреалын Дэлхийн Биологийн Олон Янз Байдлын Хүрээг яаралтай хэрэгжүүлж эхлэх шааэрдлагатай байгаа бөгөөд энэ нь манай гараг дээр амьдарч буй амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж болж байна. 

“Биологийн олон янз байдлын тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжих” төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ)-тэй хамтран Биологийн олон янз байдлын тухай конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай түншлэн хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хүрээнд жижиг арлын орнууд, дунд орлоготой орнууд болох нийт 138 орнуудад Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөг ДБОЯБХ-тэй уялдуулахад нь санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж байна. Засгийн газрын нэгдмэл үйл ажиллагааны тогтолцоогоор дамжуулж, тэгш оролцоо буюу хүйсийн тэгш байдлыг хангах, орон нутгийн ард иргэдийн оролцоо болон залуусын оролцоог үр дүнтэй хангах зарчмаар төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад холбогдох түншүүдтэй хамтран “Биологийн олон янз байдлын тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж, Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөг (БОЯБҮСТ) ДБОЯБХ-тэй уялдуулан нийцүүлэхээр ажиллаж байна.
Уг төсөл нь дэвшүүлэн тавьсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд: 

  1. Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж ДБОЯБХ-тэй уялдуулан нийцүүлэх; 
  2. Биологийн олон янз байдлын хамгааллын үндэсний хяналт, үнэлгээ, тайлагналын тогтолцоонд үнэлгээ хийх; 
  3. Бодлого ба институцийн уялдаа холбоо болон ДБОЯБХ-тэй уялдуулсан бодлогын үнэлгээ, 
  4. Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилт гэх зэрэг болно. 

“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж ДБОЯБХ-тэй уялдуулан нийцүүлэх” бүрэлдэхүүн хэсэгт биологийн олон янз байдалтай холбоотой үндэсний хэмжээний зорилго, зорилтууд болон үндэсний хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж, ДБОЯБХ-тэй уялдуулан, тусгагдаагүй шаардлагатай зүйлүүдийг нэмж тусган, уялдааг хангана; 

“Биологийн олон янз байдлын хамгааллын үндэсний хяналт, үнэлгээ, тайлагналын тогтолцоонд үнэлгээ хийх” бүрэлдэхүүн хэсэгт одоо хэрэгжиж буй хяналт үнэлгээний тогтолцооны ололт, амжилт, алдаа дутагдалд үнэлгээ хийж,  ДБОЯБХ-ний зорилтуудтай уялдуулах, нийцүүлэх  арга хэмжээ авна;

“Бодлого ба институцийн уялдаа холбоо болон ДБОЯБХ-тэй уялдуулсан бодлогын үнэлгээ” бүрэлдэхүүн хэсэгт бодлого төлөвлөлтөд тусгагдаагүй, орхигдсон зүйлүүдийг илрүүлж истистуцийн уялдаа холбоог сайжруулах боломжуудыг судалж, тогтооно;

“Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилт”-ын хэсэгт биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулж, ДБОЯБХ-тэй уялдсан Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийн боломжуудыг бодит болгоход анхаарч ажиллана. 

Төслийн зорилго:

Олон улсад хэрэгжиж буй уг төслийн үндсэн зорилго нь НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Даян дэлхийн байгаль орчны сангаас тусламж авах боломжтой талуудад Үндэсний биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго зорилтууд, Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөө, бодлого, хяналт үнэлгээ, санхүүгийн тогтолцоо зэргийг 2020 оны дараах Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, эхний шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхэд оршино. 

Хүлээгдэж буй үр дүн:

  • Биологийн олон янз байдлын үндэсний страеги төлөвлөгөө болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго зорилтуудыг 2020 оноос хойших Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй болон Тогтвортой хөгжлийн холбогдох зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхэд бэлэн болгосон байна. 
  • Хяналт, үнэлгээ, тайлагналтын системийг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тогтолцоо бий болсон байна. 
  • Байгаль орчинд хамаатай салбарын бодлогын уялдаа, нийцлийг хангах үйл ажиллагааг тодорхойлсон байна. 
  • Биологийн олон янз байдлын санхүүжилтийн дутагдлыг тогтоож, санхүүжилт босгох боломжуудыг тодорхойлсон байна.