Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсад Олон хэмжээст ядуурлын тооцоолол, шинжилгээг хөгжүүлж байна

September 28, 2025
Group of professionals posing on a conference stage; flags on both sides, screen behind.
НҮБХХ

Улаанбаатар, 2025 оны 9 дүгээр сарын 29 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-той хамтран “Тогтвортой хөгжлийг дэмжих статистикийн чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцоолол, шинжилгээ” сэдэвт тав хоногийн сургалт, хэлэлцүүлгийг эхлүүллээ. Уг төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам санхүүжүүлж, НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Female presenter on stage delivering slide about the Multidimensional Poverty Index (MPI).
НҮБХХ

Тус сургалт, хэлэлцүүлгээр олон хэмжээст ядуурлыг хэмжих онолын болон техникийн суурь ойлголт өгөх бөгөөд бодлого боловсруулагчид, Олон хэмжээст ядуурлын индекс (ОХЯИ)-ийн ажлын хэсгийн гишүүд болон ҮСХ-ны мэргэжилтнүүдийг хамруулж, үндэсний түвшинд боловсруулж буй ядуурлын шинэ индексийг тооцоолох, шинжлэх, ашиглах мэдлэгийг олгож байна.

Photograph of attendees seated in blue chairs at a conference, listening attentively.
НҮБХХ

Сүүлийн хэдэн арван жилд Монгол болон дэлхий дахинд ядуурлыг орлого, хэрэглээний түвшнээр голлон хэмжиж ирсэн. Гэвч зөвхөн эдгээр үзүүлэлт нь хүн амын амьжиргааны хомсдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Жишээ нь, аливаа өрх орлого ядуурлын шугамаас дээш байсан ч цэвэр ус, дулаан сууц, боловсролын хүртээмжгүй байдлаас бэрхшээлтэй тулгардаг. 

Монгол Улсад 2023 оны байдлаар нийгмийн халамжийн зардал Дотоодын нийт бүтээгдэхүүний 3,7 хувь, улсын төсвийн 9,9 хувийг тус тус эзэлж байгаа хэдий ч ядуурлын түвшин сүүлийн 30 жил дорвитой буураагүй байна.

Speaker in a blue shirt at a podium delivering a presentation with a slide titled Workplan Goals.
НҮБХХ

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улс өөрийн Үндэсний Олон хэмжээст ядуурлын индексийг боловсруулж эхэлсэн нь зөвхөн “хэн ядуу вэ” гэдгийг бус, “ямар шалтгаанаар ядуу байна вэ” гэдгийг тодорхойлох чухал хэрэгсэл юм. ОХЯИ-ийг анх 2010 онд Оксфордын Ядуурал ба Хүний хөгжлийн санаачилга болон НҮБХХ-өөс боловсруулсан бөгөөд хүний эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны байдлын гачигдлыг зэрэг хэмжих замаар ядуурлыг илэрхийлдэг. Одоогоор нийт 50 гаруй улс орон өөрийн нөхцөл байдал болон тэргүүлэх чиглэлд нийцүүлэн Үндэсний олон хэмжээст ядуурлын индексийг боловсруулсан.

Photograph of attendees seated in a conference room, listening to a presentation.
НҮБХХ

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичигт ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох, хүний эрхийг дээдлэх, эрх тэгш байдлыг бүрдүүлэхийг эрхэмлэдэг бөгөөд энэхүү зорилгод хүрэхэд ядуурлын талаарх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, харьцуулагдах боломжтой, найдвартай тоон мэдээлэл нэн чухал юм. Үндэсний статистикийн хороо ийм мэдээллийг бүрдүүлэхэд тууштай ажиллаж байгаа бөгөөд, ОХЯИ нь хөгжлийн ахиц дэвшлийг хэмжих, илүү оновчтой бодлого боловсруулах гол хэрэгсэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Man in suit speaks at a podium on a blue conference stage with logos.
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Ядуурлыг үр дүнтэй бууруулахад бид юуны өмнө ядуурал гэж юу болохыг үнэн зөвөөр ойлгож, хэмждэг байх хэрэгтэй. ОХЯИ-ийг ашиглах нь бодлого боловсруулах үйл явцад томоохон өөрчлөлт шинэчлэлийг авчирах болно, өөрөөр хэлбэл дундаж үзүүлэлтээс жинхэнэ бодит үзүүлэлт рүү, ядуурлыг бууруулах өргөн хүрээний бодлогоос зорилтот, нотолгоонд суурилсан шийдэл рүү шилжих боломжийг бүрдүүлнэ” хэмээн тэмдэглэлээ.

Photograph of a woman delivering a speech at a UN stage with a backdrop and UN flag.
НҮБХХ

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. 

О. Эрдэнэсүх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан шинжээч, erdenesukh.otgonbayar@undp.org 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын Төвийн тухай 

НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төв нь дэлхий нийтийн хөгжлийн болон бодлогын сүлжээний чухал нэгж юм. Тус төв нь хөгжлийн үр нөлөөтэй хамтын ажиллагаа, Өмнөд–Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хөгжлийн тэргүүн туршлага, шинэлэг судалгаа, бодлогын хэлэлцүүлэг болон мэдлэгийн солилцоог өрнүүлснээр илүү чанартай хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.