Сангийн яам, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тогтвортой байдлын тайлагнал ба тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна
February 4, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 2-р сарын 5. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол Улсын Сангийн яамтай хамтран “Тогтвортой байдлын тайлагнал, удирдлагын төв” хөтөлбөрийн гол үр дүнг танилцуулж, албан ёсоор хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд төрийн байгууллагууд, зохицуулагчид, зах зээлийн оролцогчид болон хөгжлийн түншүүд оролцож, Монгол Улсад тогтвортой байдлын тайлагнал болон тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр гарсан ахиц дэвшил, цаашдын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Европын Холбооны санхүүжилттэй Тогтвортой санхүүгийн зөвлөх төвийн хүрээнд хэрэгжсэн уг төсөл нь Монгол Улсад Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын тогтвортой байдлын болон уур амьсгалтай холбоотой тодруулгын стандарт зэрэг олон улсын тогтвортой байдлын тодруулгын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бэлэн байдлыг үнэлэх, мөн тэдгээрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх үндэсний замын зураг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Эдгээр үр дүн нь тогтвортой байдлын тайлагналын ил тод байдлыг сайжруулах, зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлэх, олон улсын стандарттай нийцүүлэхэд чиглэсэн нотолгоонд суурилсан хэрэгжилтийн бодит үндэслэл болж байна.
Бэлэн байдлын үнэлгээг 189 байгууллагыг хамарсан үндэсний судалгаа, хууль эрх зүй, зохицуулалтын дүн шинжилгээ, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтууд, мөн тогтвортой байдлын тайлагналын туршилтын үр дүнд тулгуурлан боловсруулсан. Судалгааны дүнгээс харахад тогтвортой байдлын тайлагналын талаарх ойлголт нэмэгдэж байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан байгууллагуудын 63.5 хувь нь Тогтвортой байдлын тодруулгын стандартын талаар мэдлэгтэй хэмээн хариулжээ.
Арга хэмжээг нээж үг хэлэхдээ Сангийн дэд сайд Б.Хулан: “Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтууд, олон улсын уур амьсгалын үүрэг амлалтуудыг зөвхөн төрийн хүчин чармайлтаар хэрэгжүүлэх боломжгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой байдлын тайлагналын стандартыг нэвтрүүлснээр Монгол Улс дэлхийн зах зээлтэй нэг хэлээр харилцах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Cудалгааны үр дүнгээс харахад тогтвортой байдалтай холбоотой тайлагнал Монгол Улсад одоогоор эхлэлийн шатандаа байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан байгууллагуудын 21.7 хувь нь Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тайлан бэлтгэдэг бөгөөд 20 хүрэхгүй хувь нь хүлэмжийн хийн ялгарлыг хянаж, тооцоолдог байна. Эдгээр үзүүлэлт нь зах зээлд тодорхой ахиц ажиглагдаж буйг харуулахын зэрэгцээ мэдээллийн систем, техникийн чадавх, байгууллага хоорондын уялдаа, зохицуулалтыг цаашид сайжруулах шаардлага мөн байгааг илтгэж байна.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мүрг төслийн үр дүнг сайшаан “Тогтвортой байдлын тайлагналыг сайжруулах нь ил тод зах зээлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой. Европын Холбоо нь Монгол Улсад найдвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын тогтолцоог бүрдүүлэх, улмаар тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг бий болгоход тууштай дэмжлэг үзүүлж байна” хэмээн тэмдэглэв.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан панел хэлэлцүүлэгт Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, байгууллага хоорондын уялдааг бэхжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлын тайлагнал хийж буй байгууллагуудыг дэмжих чиглэлээр санал бодлоо солилцож, цаашдын алхмуудыг хэлэлцлээ.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев: “Тогтвортой байдлын тайлагнал гэдэг нь зөвхөн тайлан гаргах үйл явц биш, харин оновчтой шийдвэр гаргах, тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал хэрэгсэл юм. Энэхүү төсөл нь үндэсний оролцоог хангасан, бат бэх тогтолцооны суурийг тавьж байгаа бөгөөд Монгол Улс бэлэн байдлаас бодит хэрэгжилт рүү шилжихэд НҮБХХ цаашид ч тууштай дэмжин ажиллах болно” хэмээн тэмдэглэлээ.
Европын Холбооны тухай
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org