НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад Нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх төслийг Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр эхлүүллээ
June 19, 2025

UNDP Launches New Carbon Market Readiness Project in Mongolia with Support from Green Climate Fund
Улаанбаатар хот, 2025 оны 6 дугаар сарын 20 –Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх шинэ төслийг эхлүүллээ. Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэй энэхүү төсөл нь Парисын хэлэлцээртэй нийцсэн, ил тод, хүртээмжтэй, үр дүнтэй нүүрстөрөгчийн зах зээлийг бэхжүүлэхэд шаардлагатай институцийн, техникийн болон зохицуулалтын үндэс суурийг бэхжүүлэх зорилготой юм. Энэ нь Монгол Улс уур амьсгалын шинэлэг санхүүжилтэд хамрагдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг өргөжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах үндэсний зорилгод хүрэхэд чухал дэмжлэг болох юм.
Төслийн нээлтийн семинарт Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөгчид, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Уртнасан хэлэхдээ: “Оролцогч талуудын нийтлэг шаардлага болсон олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх замаар Монгол орны өнцөг булан бүрд оршин суугаа иргэдийн оролцоо, санаачлагаар Эх орныхоо экосистемд бодит өгөөж авч ирэх нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх болно.” гэлээ.

Mr. Urtnasan Tsetsegmaa, State Secretary of the Ministry of Environment and Climate Change
“Энэхүү төсөл нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ боломжийг нээх цаг үеэ олсон алхам юм. Бид нүүрстөрөгчийн зах зээлийг үндэсний хэмжээнд тодорхойлсон хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг зорилтын хэрэгжилтийг хангах чухал хэрэгсэл болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээн Эдийн засаг, хөгжлийн яамны Ногоон санхүүжилтийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Батбаатар онцоллоо.

Mr. Batbaatar Battushig, Acting Head of the Green Finance Policy Division at the Ministry of Economy and Development
Төслийн хүрээнд бүх талуудын оролцоог хангах, жендэрийн тэгш байдлыг дэмжих, тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллана. Төр болон төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, бодлого боловсруулах, хувийн хэвшлийн уур амьсгалын үйл ажиллагаанд оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.
“НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ил тод, хариуцлагатай байдал, байгаль орчны үр нөлөө, нийгмийн хариуцлагад өндөр ач холбогдол өгсөн, эрх тэгш зарчимд тулгуурласан нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх Монгол Улсын хичээл зүтгэлийг дэмжиж байгаадаа таатай байна. Энэхүү санаачилга нь уур амьсгалын санхүүжилт авах, орон нутгийн оролцогчдыг чадавхжуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ирээдүй рүү шилжих үйл явцад бодит үр дүнд хүрэх байгаль орчны болон нийгмийн үр өгөөжийг бий болгоход чухал ач холбогдолтой” хэмээн НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска онцоллоо.

Ms. Matilda Dimovska, UNDP Resident Representative in Mongolia
Семинарын үеэр оролцогчид төслийн зорилго, институцийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөтэй танилцаж, уян хатан менежмент, эрсдэлийн удирдлага, хамгаалалтын арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв. Мөн үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийн бодлогын талаарх гол санаачилга, энэ зах зээл Монгол Улсыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ирээдүй рүү хөтлөх чухал үүргийн талаар ойлголтыг хуваалцсан юм.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг www.undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг: О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org

UNDP Launches New Carbon Market Readiness Project in Mongolia with Support from Green Climate Fund