Улаанбаатар хот ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

November 28, 2023

Ms. Matilda Dimovska, UNDP Resident Representative in Mongolia and Ms. Nominchimeg Odsuren, Deputy Governor of Ulaanbaatar City overseeing the Social Sector, Green Development, Air and Environmental Pollution

UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2023 оны 11 сарын 29 – Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан шийдэл боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 

Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж буй. 

Нийслэлийн Засаг даргын орлогч О. Номинчимэг “Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдлыг цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Хамтын ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд эхлүүлэх болно” хэмээлээ. 

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “НҮБХХ нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжиж ажиллах хүрээндээ энэ шилжилт нь тэгш хүртээмжтэй байхад буюу хөгжлийн үр шимийг хүн бүрт хүртээхэд анхааран ажиллана. Тиймээс бид энэ хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулахад онцгой анхаарч байна” хэмээлээ.

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 

Б. Очмаа | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн | ochmaa.b@ulaanbaatar.mn

UNDP in Mongolia team and Ulaanbaatar City Team during the MoU Signing

UNDP Mongolia