Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсад цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа
February 6, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 2-р сарын 6.
Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны дэмжлэгтэйгээр “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, Монгол Улсын цэвэр эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
2025 онд Монгол Улсын Их Хурал “Тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолыг нийтэд “3×100 Цэвэр эрчим хүчний санаачилга” хэмээн нэрлэж байна. Энэхүү тогтоол нь өрхийн түвшний цэвэр дулаан хангамж, тархмал сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах систем, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, дэмжих зохицуулалт, ногоон санхүүжилтийн механизм зэрэг бодлогын цогц арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын эрчим хүчний системийг шинэчлэхийг зорьж байна.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал: “Дэлхий нийтээрээ ногоон санхүүжилтийг нэвтрүүлж, ногоон шилжилт хийж буй энэ үед Монгол Улс энэхүү шилжилтэд бэлэн байж, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг чөлөөлөх, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Улсын Их Хурлын зүгээс цэвэр эрчим хүчний шилжилтийг хийхэд улс төрийн манлайлал үзүүлж, эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх, дүрэм журмын саадыг арилгахад анхааран ажиллаж байна” хэмээн онцоллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний ядуурлыг багасгах, уур амьсгалын эрсдэлийг удирдах чиглэлээр бодлогын зөвлөмж, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, туршилтын санаачилгуудыг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж ирсэн. Үүний хүрээнд “Тогтвортой дулаан хангамжийн бодлогын замын зураглал”-ыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүрэг, Юрика ХХК, Гэр Өргөө ТББ-тай хамтран гэр хорооллын өрхүүдэд дулаан хангамж, дулаалгын нэгдсэн шийдлүүдийг нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар уг санаачилгад ойролцоогоор 150 өрх хамрагдаад байгаа бөгөөд ойрын хоёр жилд хамрах хүрээг 600 өрх болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр тархмал цэвэр эрчим хүчний шийдлийг улсын хэмжээнд тэлэх бодит суурийг тавьж байгаа юм.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг тууштай дэмжин ажиллахад бэлэн байна. Улсын Их Хурал, Засгийн газар болон хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж, бодлогын зорилтыг бодит, хэрэгжихүйц шийдэл болгон хувиргах, улмаар эрчим хүчний хараат байдлыг бууруулж, иргэд, орон нутагт бодит үр өгөөж хүргэхийг бид зорьж байна” хэмээн тэмдэглэв.
Өндөр түвшний хэлэлцүүлгийн хүрээнд бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг хамруулан нийт таван сэдвээр олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогын хэрэгжилт, түгээх сүлжээний холболт, нүүрстөрөгчийн зах зээл болон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо, ногоон санхүүжилт, нийгэм-эдийн засаг болон эрүүл мэндийн нөлөөлөл, мөн Монгол Улсын ногоон эрчим хүчний шилжилтэд цахилгаан тээврийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийн талаар санал солилцов. Оролцогчид 3×100 Цэвэр эрчим хүчний санаачилгын хэрэгжилтийг хурдасгаж, өрх, орон нутаг болон үндэсний эдийн засагт бодит, өргөжүүлэх боломжтой үр өгөөж бий болгохын тулд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org