Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх арга замыг хэлэлцлээ

June 11, 2025
Group photo of diverse professionals in formal attire, posing in front of a conference backdrop.
НҮБХХ

Улаанбаатар, 2025 оны 6-р сарын 12– Монгол Улсын Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт семинарыг гол оролцогч талуудын хамт зохион байгууллаа. Уг арга хэмжээг Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэй НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.

Семинарт төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, эрчим хүчний шилжилттэй холбоотой асуудлаар санал солилцож, тэгш, хүртээмжтэй, тогтвортой шилжилтийг хангахад чиглэсэн олон улсын шилдэг туршлагыг хэлэлцэв.

A man in a suit speaks at a podium during a workshop event, with a presentation backdrop.
НҮБХХ

Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Ерэн-Өлзий Монгол Улсын Засгийн Газар эрчим хүчний зорилтуудаа бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг онцлоод, “Бид хүлэмжийн хийн ялгарал багатай ирээдүйн төлөө ажиллаж байна. Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг хамгаалж, хүртээмжтэй шилжилтийг эрх тэгш байдлаар хэрэгжүүлэх нь чухал” хэмээн онцоллоо.

Семинарын үеэр Тогтвортой хөгжлийн зорилгууд, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратегитай (ХХЯБ-УХХС) уялдсан “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн үндэсний хүрээг” боловсруулах чиглэлд яриа, хэлэлцээр өрнүүлсэн нь онцлог байлаа. 

A woman speaks at a podium during a workshop on energy transition in Mongolia.
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд хүн төвтэй бодлого чухал болохыг онцлоод, “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь дан ганц технологи, дэд бүтцийн асуудал бус, нийгмийн бүхий л давхаргад хүртээлтэй шилжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал юм. Цэрэр эрчим хүч нь хүртээмжтэй, найдвартай, хямд бөгөөд хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүхий л хүмүүсийг чадавхжуулдаг байх учиртай” гэв. 

Two individuals stand in traditional attire against a snowy landscape, displaying a presentation.
НҮБХХ

Арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой эрчим хүчний төвийн захирал Риад Меддеб цахимаар оролцож, эрчим хүчний шилжилт нь дан ганц технологийн шилжилт төдийгүй шударга ёс, тэгш байдлыг нэмэгдүүлэх хөгжлийн боломж болохыг онцоллоо. Тэрээр “2024 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 585 ГВт-аар нэмэгдэж, цэвэр эрчим хүчний салбарт 16 сая гаруй ажлын байр бий болсон. Гэвч бидний тавих ёстой хамгийн чухал асуулт бол ‘Бид эрчим хүчний шилжилтийг хүн бүрт хүртээмжтэй, хохиролгүй байдлаар хэрэгжүүлж чадаж байна уу?’ юм. 2600 ГВт-аас давсан сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоотой, бодлогын түвшинд томоохон зорилтуудыг тавиад буй Монгол Улс нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, тэгш бус байдлыг бууруулан, эрүүл мэндийг дэмжиж, хүртээмжтэй өсөлтийг хангах бүрэн боломжтой. Энэ чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь санхүүжилт, дэд бүтэц, цахим хэрэгсэл, бодлогын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэв.

Оролцогчид тэгш, хүртээмжтэй, эрчим хүчний шилжилтийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийг зэрэгцээ тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тогтолцоог (JET) боловсруулах хүрээнд санал бодлоо солилцлоо. Мөн хүртээмжтэй, зохион байгуулалттай шилжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх оролцогч талуудыг хэлэлцэн тодорхойллоо.

Тус хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү хөтөлбөр нь 1) Үндэсний болон олон улсын уур амьсгалын зорилтуудад нийцсэн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тогтоох 2) Энэхүү шилжилтийг дэмжих уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх 3) Эрүүл мэнд, боловсролын салбарын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн замын зураглалыг боловсруулах гэсэн гурван үндсэн зорилгын хүрээнд хэрэгжиж байна. 

***

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. 

О. Эрдэнэсүх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, erdenesukh.otgonbayar@undp.org

ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай 

ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг  хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.