Монгол Улсад экосистемийн үйлчилгээ, хөдөөгийн иргэдийн тогтвортой байдлыг хангах чиглэлд 7 жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн төслийн хаалтын хурал болов.

September 28, 2025
Group of conference attendees posing in a hotel ballroom with a blue banner behind.
НҮБХХ

Улаанбаатар, 2025 оны 09-р сарын 29 - Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр 2019-2025 онд хамтран хэрэгжүүлсэн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хаалтын хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.

Photograph of a person holding conference handouts with text and logos.
НҮБХХ

Хаалтын хуралд төсөл хэрэгжүүлэгч талууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, төслийн үр шим хүртэгчид зэрэг нийт 100 гаруй төлөөлөл оролцож төслийн үр дүн, орон нутагт бий болсон сайн туршлагыг хуваалцан, төслийн үр нөлөөг цаашид тогтвортой хадгалахад бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх талаар хэлэлцэн дүгнэв.

НҮБХХ

Хурлыг нээж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг хангахад төслийн оруулсан хувь нэмэр, дэмжлэг чухал болохыг онцлоод “Энэхүү төсөл нь байгаль хамгаалал, эдийн засгийн өсөлт харилцан уялдаатай хөгжиж болохыг харуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, зэрлэг амьтдыг сэргээн нутагшуулах, бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагуудыг хэрэгжүүлснээр хүн, байгаль хоёр тэнцвэртэй үр ашиг хүртэх илүү ногоон, илүү дасан зохицох чадавхитай Монгол орны суурийг бий болгож байна” гэв.

Speaker at podium on conference stage; green banner bearing logos, audience in foreground.
НҮБХХ

Төслийн хүрээнд зорилтот бүс нутагт 1.2 сая га талбай бүхий 20 газрыг тусгай хамгаалалтад авсан нь Монгол Улс 2030-2050 он хүртэл хугацаанд нийт нутаг дэвсгэрийн 30-35 хувийг хамгаалалтад авах зорилтыг хангахад дэмжлэг болсон. Мөн Баданга хүдэр, Халиун буга, Монгол тарвага, Улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлын амьдрах орчныг сайжруулж, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх бэлчээрийн менежментийн шинэлэг санаачлагыг хэрэгжүүлсны үр дүнд зорилтот бүс нутагт малын тоог 30 гаруй хувиар бууруулсан. Түүнчлэн байгаль орчны салбарын эрх зүйн болон институтийн тогтолцоог бэхжүүлэх, байгалийн нөөцийг тогтвортойгоор зохион байгуулах орон нутгийн засаг захиргаа, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлсэн.

Group of professionals in formal attire posing for a group photo in a conference hall.
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска Монгол Улсын засгийн газар болон орон нутгийн хамтрагч талуудын үүрэг амлалтанд талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ төслийн амжилтууд нь засгийн газар, олон нийт, хөгжлийн түншүүд гар нийлэн хамтран ажиллахад юу хийх боломжтойг харуулж чадсан. Экосистемийг хамгаалах, амьжиргааг сайжруулах зорилтыг биелүүлэх боломжтой төдийгүй Монгол Улсын тогтвортой ирээдүйг бий болгоход маш чухал ач холбогдолтой. Төслийг хэрэгжүүлэхэд тууштай санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Даян Дэлхийн Байгаль Орчны Санд бид гүнээ талархаж байна" гэв.

Female speaker at a podium during a conference with a blue-green backdrop and logos.
НҮБХХ

Хурлын үеэр төслийн зорилтот 4 аймаг болох Завхан, Говь-Алтай, Архангай болон Баянхонгор аймгуудын Засаг дарга нар нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал гэдгийг онцлоод, орон нутгийн байгаль хамгаалал, дасан зохицох чадавхыг бэхжүүлсэнийг тэмдэглэв.

Diverse audience seated in a conference room, listening attentively.
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тухай 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлүүдэд дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. НҮБ-ын хөгжлийн төрөлжсөн байгууллагын хувиар НҮБХХ нь улс орнуудад шинэлэг, хүртээмжтэй, тогтвортой байдлаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Төслийн тухай 

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Соён, Хангайн уулст хамаарах Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, өмнийн Говийн бүсэд хамаарах Улаан шалын хоолой, Захуй зармангийн говийн бэлчээр, ойн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих замаар экосистемийн үйлчилгээг сайжруулах хүрээнд 2019-2025 онд манай улсын 4 аймаг, 13 сумын нутагт хэрэгжсэн. Дэлгэнгүйг www.ensure.mn болон @Эх байгалдаа ээлтэй хандацгаая фэйсбоок пэйж хуудсаас авна уу. 

Нэмэлт мэдээллийг: 

Т.Энэрэл, Төслийн байгалийн нөөцийн мэргэжилтэн, Монгол улс, Улаанбаатар хот 

Утас: +976 9999 1645 

И-мэйл: enerel@ensure.mn