БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Улаанбаатарын гэр хороололд нарны эрчим хүч нэвтрүүлнэ.

September 24, 2025
НҮБХХ

Улаанбаатар, 2025 оны 9-р сарын 25 – БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг хамтран “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатарын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой юм.

НҮБХХ

Агаарын бохирдол Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Улаанбаатар хотын гэр хороололд түлж буй нүүрс нь нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын ялгаралтын 60 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн орчны болон агаарын бохирдлоос үүдэн жил бүр 7100 гаруй хүн цаг бусаар нас барж, үндэсний ДНБ-ий 10 хувьд хүрэх эдийн засгийн хохирол учруулж байна.

Тус төсөл нь нүүрсэнд суурилсан халаалтыг дулаан хадгалах технологи, ухаалаг тоолуураар тоноглогдсон нарны эрчим хүчээр ажилладаг системээр солих замаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улс даяар цэвэр эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

НҮБХХ

БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагийн “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-аас санхүүжүүлж буй уг төсөл нь ирэх хоёр жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 450 өрхөд энэ шийдлийг хэрэгжүүлэх юм. НҮБХХ-ийн 2023-2024 онд хэрэгжүүлсэн туршилтад тулгуурлаж буй тус төсөл нь нэг удаагийн буцалтгүй тусламжаас илүү зах зээлийн тогтвортой шийдэлд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний загвар руу шилжих алхам юм.

Зорилтод үр дүнгүүдэд батарейны хадгалалт, ухаалаг тоолуур бүхий жижиг нарны цахилгаан сүлжээг суурилуулах, өрхийн түвшний нарны халаалтын систем, нүүрстөрөгчийн кредитийг цаг тухайд нь бодитоор хянах зэргүүд орох юм. Мөн төслийн хүрээнд олон нийтэд сургалтын хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүчний үр ашгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил явуулах, жендэрийн мэдрэмжтэй байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчний шилжилт нь  хүн бүрт боломжийг бий болгож, хэнийг ч орхигдуулахгүй байхад анхаарах болно.

Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А. Амартүвшин "Сэргээгдэх эрчим хүч нь Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлын бууруулах сорилтыг шийдвэрлэх хамгийн бодит бөгөөд үр дүнтэй шийдлүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь бидэнд цэвэр агаар, эрүүл амьдрах орчин, тогтвортой ирээдүйг бий болгоход тусална гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А. Амартүвшин

НҮБХХ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Мандуул шилжилтийн ажил нэн яаралтай байгааг онцлоод “Манай дүүргийн оршин суугчид цэвэр агаар, өртөг багатай эрчим хүчээр хангагдах бүрэн эрхтэй. Энэхүү санаачилга нь эрүүл мэндийг сайжруулах, зардлыг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих урт хугацааны бодитой шийдэл болж байна. Амжилттай хэрэгжсэнээр энэхүү шийдэл дүүргийн маань олон өрхөд хүрнэ гэдэгт итгэж байна" хэмээв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Мандуул

НҮБХХ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэн CIDCA-гийн шугамаар Монгол Улсын иргэдэд цэвэр, өртөг бага эрчим хүч хүргэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа таатай байна. Энэ төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээх гэсэн Хятад Улсын зорилгыг тод илэрхийлж байна” гэв.

Woman in blue blazer holds notes at a conference, with banners in the background.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска уг санаачилгын системийн өөрчлөлтөд түлхэц үзүүлэх үүргийг онцолж, "Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд бүх түвшний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Инновац, хөрөнгө оруулалт, тууштай хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс нүүрсний хараат байдлаас гарах бүрэн боломжтой бөгөөд энэ замналд хэн ч орхигдохгүй байх ёстой. Үүнийг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй CIDCA-д бид талархал илэрхийлье" хэмээв.

Girl in blue shirt on stage with event banners and logos in the background.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска

НҮБХХ

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org