2025 оны Залуучуудын уур амьсгалын үндэсний чуулганд залуучууд уур амьсгалын бодлогыг хэлэлцлээ
June 24, 2025

Улаанбаатар хот, 2025 оны 6 сарын 24 – Өнөөдөр, “Climate Mongolia” ТББ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуусын дуу хоолойг нэгтгэж, үндэсний бодлого, олон улсын амлалтуудад тусгах зорилго бүхий “Залуучуудын уур амьсгалын үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь Конвенц (UNFCCC)-ийн албан ёсны хүүхэд залуучуудын бүлэг болох ”YOUNGO”-ийн ивээл дор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын амлалт-2” санаачилгын хүрээнд зохион байгууллаа.
Монгол орны агаарын дундаж температур дэлхийн дунджаас ойролцоогоор гурав дахин хурдтай нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг болоод байна. Биологийн олон янз байдлын доройтол, цөлжилт, ган, зуд зэрэг өөр хоорондоо харилцан нягт уялдаатай асуудлууд жил ирэх тусам хурцаар тавигдаж буй нь уламжлалт нүүдэлчин соёл, экосистемийн тэнцвэртэй байдалд эрсдэл учруулж байна. Энэ цаг үед Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, шийдлүүдийг боловсруулахад бодит хувь нэмэр оруулах боломж өндөр юм.
Чуулганы үеэр Монгол Улсын уур амьсгалын амлалтууд болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтуудыг хэлэлцэж, эрчим хүч, ус, хөдөө аж ахуй, боловсрол, уур амьсгалын санхүүжилт зэрэг гол салбаруудад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах яриа хэлэлцээр, интерактив семинарууд өрнөлөө. Түүнчлэн, чуулганы хүрээнд “Монгол Улсын Үндэсний Залуучуудын Тунхаг бичиг” болон зөвлөмжийн баримт бичгийг боловсруулсан нь Монгол Улсын шинэчилсэн ҮТХН 3.0-д тусгагдах бөгөөд Бразил Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын (УАӨСК) Талуудын Бага Хурал (COP30)-ын үеэр албан ёсоор танилцуулагдана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн Дарга Н.Цогзолмаа: “Монгол Улс нь залуучуудын оролцоог бодитоор хангаж, тэдний дуу хоолойг үндэсний бодлогод тусгах замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж байна. Бид залуучуудын боловсруулсан зөвлөмжийг үндэсний уур амьсгалын бодлого, зорилтод тусгах сайжруулах боломжийг эрэлхийлэх болно” гэв.
Тус чуулган нь залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна тэднийг бодлого боловсруулах, төлөвлөх үйл явцад идэвхтэй оролцох боломжийг олгосноороо онцлог байв. Интерактив асуулт, хариултын хэсэгт залуучууд үндэсний уур амьсгалын амлалтуудын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн бол, семинарын үеэр уур амьсгалын шинжлэх ухааны суурь ойлголт, уялдаа холбоог танин мэдэж, хувь хүн, байгууллага, төр засгийн түвшинд хариу арга хэмжээ боловсруулах ур чадвараа хөгжүүллээ.
Монгол Улсын уур амьсгалын амлалтыг дэмжих урт хугацааны зорилгын хүрээнд НҮБХХ нь залуучуудад үндэсний баримт бичгүүдийг боловсруулах үйл явцад техникийн дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаанд суурилсан, залуучуудын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгыг бодитойгоор тусгасан байхад анхаарч ажиллана.
Монгол дахь НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн Эдийн засагч Фируз Сайдхаджаев “Монгол залуучууд өдөр тутамдаа уур амьсгалын сөрөг нөлөөллийг мэдэрч байна. Тиймээс тэдний ирээдүйг тодорхойлох бодлогуудад залуучуудын дуу хоолойг тусгах нь асар чухал. Энэхүү чуулга уулзалтаар дамжуулан бид залуучууд Монгол Улсын уур амьсгалын амлалтад хувь нэмэр оруулах, дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд нэгдэх боломжийг бий болгохоор зорьж байна” гэв.

"Энэ бол залуусын оролцоог зүгээр нэг 'шалгуур хангасан' болгож харуулах асуудал биш юм" хэмээн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активист, LCOY 2025 зохион байгуулагч У.Цэлмэг хэллээ. "Хүмүүс бидний өмнөөс бус бид өөрсдөө ярьдаг түвшинд шилжих тухай асуудал юм. Хөдөө орон нутгийн залуус уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг аль хэдийн илүү хүчтэй мэдэрч байна. Тиймээс бид бүх хүнд нээлттэй, улс орон даяар зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаараа ихэнхдээ ард үлдэж хоцордог дуу хоолойг сонсохыг зорьсон. LCOY арга хэмжээний хүрээнд бид хөдөө орон нутгийн залуусыг, тэр дундаа малчин өрхүүд, “Цаатан” зэрэг уугуул иргэдийг оролцуулан бодит амьдрал, уламжлалт мэдлэгт суурилсан бодлогын санал боловсруулахад хамтран оролцуулж байна. LCOY-оор дамжуулан бид залууст үндэсний уур амьсгалын бодлогод оролцох утга учиртай гарц бий болгохыг зорьж байгаа ба энэ нь энэ онд Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрээ шинэчлэн боловсруулж буйтай таарч буйгаараа (NDC 3.0) илүү чухал ач холбогдолтой. Бид залуусын байр суурийг нэгтгэн бодлогын санал боловсруулж, үүний зэрэгцээ LCOY-ийн гол үр дүн болох Үндэсний Залуучуудын Тунхаглалыг боловсруулан Засгийн газарт өргөн барина."
Чуулга уулзалтын хүрээнд шалгарсан залуу төлөөлөгч нь Бразил Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцийн 30 дугаар бага хурал (COP30) болон Залуучуудын 20 дугаар бага хурал (COY20)-д Монгол Улсаа төлөөлөн оролцож, дэлхийн уур амьсгалын хэлэлцүүлэгт Монгол залуучуудын дуу хоолойг хүргэх юм.
***
НҮБХХ-ийн тухай: НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.