“НОГООН САНХҮҮЖИЛТ - БҮС НУТГИЙН ЧУУЛГАН 2022” Онцлоx xэлэлцүүлгийн нээлтийн үг

March 29, 2022

Уша Рао-Монари НҮБ-ын Ерөнxий нарийн бичгийн даргын орлогч, Xөгжлийн xөтөлбөрийн шадар заxирагч

Cick here to read in English

Эрхэм хүндэт

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

Хэлэлцүүлэгт оролцож буй эрхэм зочид,

Хатагтай ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн санаачлагаар зохион байгуулагдаж буй энэхүү чухал арга хэмжээнд үг хэлж байгаадаа таатай байна.

“Ногоон” санхүүжилтийг эрчимжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-ыг биелүүлэхийн төлөө энд хуран цугласан та бүхний хичээл зүтгэлийг харахад мөн маш таатай байна.

Хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон улам хурцдаж буй улс хоорондын мөргөлдөөн зэрэг дэлхийн хэмжээний томоохон бэрхшээл, сорилтуудтай нүүр тулаад байна.

Эдгээр нарийн төвөгтэй, харилцан уялдаатай сорилтууд нь тэгш бус байдлыг улам гааруулж, ТХЗ-ыг биелүүлэхэд гаргасан бидний ахиц дэвшлийг ухраагаад байна.

Энэхүү түгшүүртэй цаг үед хүн төрөлхтөн болон эх дэлхий маань харилцан тэнцвэртэй, уялдаатай оршин суух илүү тогтвортой ирээдүйг бий болгохын тулд та бидний хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болж байна.

Үүний тулд бид хамтдаа КОВИД-19 цар тахлаас ногоон сэргэлтийг бий болгох хэрэгтэй.

Нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй ирээдүйг бий болгохын тулд бид ногоон санхүүжилт гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлэх цаг нь болсон.

Бид 2030 он гэхэд ТХЗ-уудад хүрэхийн тулд жилд 3,3-аас 4,5 их наяд ам.долларын санхүүжилтийг эх үүсвэрийг бий болгох шаардлагатай.

Хэдийгээр дэлхийн хэмжээнд ногоон санхүүжилтийн хэмжээ болон эх үүсвэр өсөн нэмэгдэж байгаа ч энэ нь жил бүр шаардлагатай нэмэлт санхүүжилт болох 2.5 их наяд долларт хүрэхэд огтхон ч хангалтгүй байна.

Түүнчлэн, КОВИД-19 цар тахал нь улс орнуудын төсөвт томоохон хүндрэл учруулж байгаа бол Украйн улсад бий болоод буй болон бусад олон улсын хүмүүнлэгийн хямралууд мөн л томоохон сорилтуудыг бий болгоод байна.

Тэгэхээр бид хэрхэн ТХЗ-ын санхүүжилтийг нэмэгдүүлж илүү, оновчтой болгож чадах вэ?

Улсын төсвийн санхүүжилт дангаараа хангалттай биш учраас бид хувь, хувийн хэвшлийн  хөрөнгө оруулалт болон санхүүгийн эх үүсвэрүүдийг тогтвортой, ногоон хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт руу чиглүүлэх үр дүнтэй, тогтвортой, харилцан ашигтай арга замыг хайж олох хэрэгтэй.

Энэ бол орон нутаг, бүс нутаг, бүр дэлхийн хэмжээнд тэргүүлэх асуудал юм.

Тийм ч учраас энэ арга хэмжээнээс гарахаар хүлээгдэж буй үр дүнгүүд нь нэн чухал юм.

Дэлхийн дундаж температур улам нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт ихээхэн өртөж буй олон орны нэг юм.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-тайгаа уялдуулан ирэх 30 жилд хүчирхэг, төрөлжсөн, ногоон, чинээлэг эдийн засгийг цогцлоохыг зорьж байгаа энэ чухал цаг үед олон тулгуурт, хүртээмжтэй, тогтвортой, ногоон санхүүжилтийн экосистемийг хөгжүүлэх ёстой.

ТХЗ-уудад хүрэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бий болгоход шаардлагатай эх үүсвэрийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтын “таатай орчин”-ыг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих нь энэхүү зорилтоо ахиулахад чухал үүрэгтэй.

Энэ чиглэлд гаргаж буй Монгол Улсын ахиц дэвшлүүдийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Жишээлбэл, Глазгоу хотод болсон COP26 хурлын үеэр Ерөнхийлөгч Хүрэлсүхийн зарласан цөлжилттэй тэмцэх нэг тэрбум мод тарих зорилго бүхий “Тэрбум Мод” санаачилгыг энд дурдаж болж байна.

Мөн энэхүү форум нь Монгол Улсын ТХЗ-д хүрэх бусад хүчин чармайлтыг онцолж өгч байна.

Ойжуулалт, экосистемийг нөхөн сэргээх томоохон зорилт болох “Тэрбумын ногоон сан” санаачилга ч мөн адил онцлууштай юм.

Үндэсний тогтвортой санхүүжилтийн шинэ зураглалыг бас энд дурдмаар байна.

Эдгээр санаачилгууд нь улс орнуудын хүртээмжтэй, уян хатан, тогтвортой хөгжлийг дэмжих НҮБХХ-ийн зорилтуудтай стратегийн хувьд нийцдэг.

НҮБХХ-ийн зүгээс биологийн олон янз байдлыг хамгаалахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бий болгох чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй томоохон санаачилгуудын нэг бол Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга төсөл билээ.

Цаашид бид дараах гурван санхүүжилтийн шийдлийг туршиж, хамрах хүрээг тэлэхээр ажиллаж байна. Үүнд

1) Байгаль хамгаалах үндэсний санг байгуулах;

2) Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэрэгжүүлэх механизм, удирдамжийг боловсронгуй болгох; мөн

3) Биологийн олон янз байдалд аюул учруулж буй төсвийн татаасын зорилгыг өөрчлөх

Мөн бид эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин гэх мэт нийгмийн амин чухал хэсгүүдэд санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тэлэх тогтвортой ногоон санхүүжилтийн ТХЗ-Бонд зэрэг шинэ өрийн хэрэгслүүдийг судлах чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна.

Эрхэмсэг ноёд хатагтай нар аа,

2030 он гэхэд ТХЗ-уудыг бүрэн биелүүлэх цаг хугацаа бидэнд улам бага болж байна.

Дараагийн жилүүдэд бид үүний төлөө томоохон ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

КОВИД-19 цар тахлаас үүссэн сорилтууд нь ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхэд саад болохоос илүү дэмжлэг болох боломжтой.

Энэ нь улс орон бүрээс, өөрсдөөс нь эхлэх хэрэгтэй бөгөөд бид бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн улсуудын энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна.

Мөн орон нутгийн засаг захиргаа, худалдааны танхимууд болон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэгч бусад оролцогч талуудыг татан оролцуулах нь чухал юм.

Тийм ч учраас би өнөөдөр энд хуран цуглаад буй хувийн хэвшлийн удирдагчид болон хөрөнгө оруулагчдыг бизнесийн стратегиа ТХЗ-той уялдуулах нь хэрхэн бүгдэд ашигтай байж болох талаар хэлэлцэхийг урьж байна.

Мөн өнөөдөр энд хуран цугласан шийдвэр гаргагчид болон удирдагчдыг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа ногоон санхүүжилт болон ТХЗ-д нийцсэн санхүүжилтийг хэрхэн урамшуулах талаар ярилцахыг хүсч байна.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ногоон шилжилт болон ногоон санхүүжилтийн хүрээнд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлд та бүхнийг дэмжин ажиллахад үргэлж таатай байх болно.

ТХЗ-уудыг биелүүлэх болон эх дэлхийгээ хамгаалж, нөхөн сэргээх дэлхийн хэмжээний зорилтдоо хүрэхийн тулд та бидний хамтын ажиллагаа хамгаас чухал юм гэдгийг энд дахин онцлохийг хүсч байна

Баярлалаа.