Дархан-Уул, Орхон аймагт “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлж эхэллээ
September 24, 2026
2026 оны 9-р сарын 24 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн нээлт Дархан, Эрдэнэт хотуудад боллоо. Нээлтийн үеэр НҮБХХ аймгуудын Засаг даргын Тамгын газруудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хотуудыг илүү ногоон, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.
Даян дэлхийн байгаль орчны сангийн (ДДБОС) санхүүжилтээр, засгийн газрын болон орон нутгийн хамтарсан санхүүжилттэйгээр хэрэгжих уг таван жилийн төслийг НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэрэгжүүлнэ. Төсөл нь оролцогч хотуудын орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ногоон хотын шалгуур үзүүлэлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүртээмжтэй үйлчилгээтэй уялдуулахад дэмжлэг үзүүлнэ.
Дархан, Эрдэнэт хотуудад тус төсөл нь эрчимтэй хотжилттой холбоотой сорилт, бэрхшээл, тухайлбал гэр хорооллын тэлэлт, суурь үйлчилгээний хүрэлцээ, бохирдол, хог хаягдлын менежмент, усны аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудад хариу арга хэмжээ авахад чиглэнэ.
Дархан хотод төлөвлөсөн дэмжлэг нь үерийн эрсдэлийн менежмент, Хараа голын эрэг дагуух бүсийг нөхөн сэргээх, саарал усыг дахин ашиглах, гэр хорооллын усны үйлчилгээг сайжруулах, хог хаягдлын менежмент болон хүнсний аюулгүй байдлыг дэмжихэд төвлөрнө. Мөн Дархан хотыг хүйтэн уур амьсгалтай хотуудын тогтвортой хөгжлийн чиглэлээр харилцан суралцах хот болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Эрдэнэт хотод төсөл нь нэгдсэн орон зайн төлөвлөлт, усны менежмент, тойрог эдийн засгийн арга барил, байгальд түшиглэсэн шийдлүүдэд анхаарна. Үүнд хүйтэн уур амьсгалтай нөхцөлд ус цэвэршүүлэх зориулалттай хиймэл намагшсан газар байгуулах зэрэг шийдэл багтана. Өмнө хэрэгжсэн цэвэр эрчим хүч, хотын хөгжлийн чиглэлийн ажлуудад тулгуурлан ногоон эрчим хүч, тэсвэртэй байдал болон холимог санхүүжилтийн боломжийг мөн судална.
“Xотууд нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй. Дархан, Эрдэнэт хотод хэрэгжиж буй энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн тэргүүлэх хэрэгцээ, зорилтуудыг бодитой, уялдаа холбоотой шийдэл болгон хэрэгжүүлж, хотын үйлчилгээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, иргэдийн амьдрах эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэд болон түнш байгууллагуудтай хамтран илүү ногоон, хүртээмжтэй, ирээдүйн сорилтод бэлтгэлтэй хотуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лорoн хэллээ.
НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лорoн
Энэхүү төсөл нь ДДБОС-ийн Тогтвортой хотуудын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж, дэлхийн хотуудын сүлжээтэй Монгол Улсын зорилтот хотуудыг холбож байгаа юм. Монгол Улсын хүйтэн уур амьсгалтай, хотжилт эрчимтэй явагдаж буй нөхцөлд практик шийдлүүдийг туршин хэрэгжүүлснээр тус төсөл нь улс орны хэмжээнд хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, уур амьсгалын үйл ажиллагаанд ашиглах боломжтой загваруудыг бий болгохын зэрэгцээ дэлхийн бусад хотуудад сургамж болох туршлага хуримтлуулан, хуваалцах боломжтой юм.
Даян дэлхийн байгаль орчны сангийн тухай
Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС) нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том олон талт санхүүгийн механизм юм. Тус сангийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанууд нь дэлхийн тулгамдсан байгаль орчны асуудлуудыг уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд чиглэдэг. ДДБОС-ийн санхүүжилт нь хөгжиж буй орнуудад олон улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
НҮБХХ-ийн тухай
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, эрсдэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ‑ын тэргүүлэх байгууллага юм. НҮБХХ нь дэлхийн 170 гаруй улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хүн, байгальд ээлтэй, тогтвортой, урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлдэг.
Холбоо барих
Б.Хулан | НҮБХХ-ийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org | 976-99096434