Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр халаалтын шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна
August 24, 2026
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 – Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хөгжлийн бусад түншүүдтэй хамтран гэр хорооллыг нүүрснээс цэвэр, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй халаалтын шийдэлд шилжүүлэх чиглэлээр дээд түвшний хэлэлцүүлгийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгууллаа.
Үндэсний нэгдсэн санхүүжилтийн тогтолцоо (INFF)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Монгол Улсын гэр хорооллыг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” сэдэвт энэхүү хэлэлцүүлэгт төрийн өндөр түвшний төлөөлөл, хөгжлийн санхүүгийн байгууллагууд, олон улсын түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, үр дүнгээ харуулсан цэвэр халаалтын шийдлүүдийг туршилтын түвшнээс өргөн хүрээнд түгээн нэвтрүүлэх боломж, арга замын талаар санал солилцов.
Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд үүнийг үр дүнтэй ашиглах нь өрхийн халаалтын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж байна.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа: “Монгол Улс эрчим хүчний шилжилтийг эдийн засгийн шинэ өсөлт, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх хөгжлийн шинэ боломж гэж үзэж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд цэвэр эрчим хүчний шийдэлд шилжихэд тулгарч буй санхүүгийн болон зохицуулалтын саад, хязгаарлалтыг бууруулж, ногоон санхүүжилтийн хүртээмж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарын шилжилтийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын хувьд цэвэр халаалтын шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний найдвартай хангамжийг бэхжүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах хотын хөгжлийн чухал зорилт юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг ханган, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” хэмээн тэмдэглэлээ.
COP17-ийн хүрээнд зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр эрчим хүчний шилжилт нь газар, уур амьсгал, хүний хөгжлийн зорилтуудтай нягт уялдаатайг онцолсон юм. Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хурдацтай тэлж, 2024 онд шинээр суурилуулсан эрчим хүчний нийт хүчин чадлын 92 гаруй хувь буюу 585 ГВт-ыг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлжээ. Монгол Улс ч энэ шилжилтийг эрчимжүүлэх томоохон нөөцтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний нөөц нь 2,600 ГВт орчим гэж тооцогддог билээ.
НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБХХ-ийн Туслах захирагч бөгөөд Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал Маркос Нето: “Эрчим хүчний шилжилт гэдэг нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай ойлголт биш юм. Энэ нь байгаль, экосистемд үзүүлэх дарамтыг бууруулахын зэрэгцээ иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих өргөн хүрээний шилжилт юм. Монгол Улс дотооддоо хөгжүүлсэн шийдлүүдээрээ эрчим хүч, уур амьсгал, газар, хүний хөгжлийн зорилтуудыг нэг дор уялдуулах боломжтойг харууллаа. Одоо эдгээр шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд шаардлагатай бодлогын орчин, санхүүжилт, түншлэлийг бүрдүүлэх нь чухал байна” хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн гол сэдэв болох “Нарны илч” (Solar Facility) санаачилга нь төрийн санхүүжилтийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг нэгтгэсэн холимог санхүүжилтийн механизмаар Улаанбаатар хотын гэр хорооллын 10,000 гаруй айл өрхөд цэвэр халаалтын шийдлийг хүргэх зорилготой юм. Монголд хөгжүүлж, туршин хэрэгжүүлсэн нарны эрчим хүчинд суурилсан халаалтын системийн үр дүн, туршлагад тулгуурлан энэхүү шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх тогтвортой санхүүжилтийн загварыг бүрдүүлэхээр зорьж байна.
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон: “Монголын хүйтэн өвлийн нөхцөлд нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдэл үр дүнтэй ажиллах боломжтойг бид туршилтаар харууллаа. Одоо илүү өргөн хүрээнд сэтгэж, нүүрстөрөгчийн зах зээл зэрэг шинэ боломжуудыг ашиглан санхүүжилт дайчлах замаар энэхүү шийдлийг туршилтын түвшнээс өргөжүүлэн нэвтрүүлэх дараагийн шатанд шилжих хэрэгтэй. Үүний тулд Засгийн газар, санхүүгийн байгууллагууд, дотоодын шинийг санаачлагчид, хөгжлийн түншүүд хамтран нөөц, хүчин чармайлтаа уялдуулж, шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэн, зах зээлийг иргэдэд бодит үр өгөөжтэйгээр хөгжүүлэх нь чухал” хэмээн хэллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд үр дүнгээ харуулсан цэвэр халаалтын шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг бодитоор урагшлуулж, COP17-ийн хүрээнд эхэлсэн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг уриаллаа. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, иргэд болон байгаль орчинд бодит үр өгөөж бий болгоход чухал ач холбогдолтой юм.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан мэргэжилтэн, khulan.bayarsaikhan@undp.org