Монгол Улс ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи Хувилбар 2.0-ыг Европын Холбоо, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр танилцууллаа

August 20, 2026

Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 20. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд 8 дугаар сарын 20-нд зохион байгуулагдсан Тогтвортой Санхүүжилтийн Өндөр Түвшний Форумын үеэр ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи Хувилбар 2.0-ыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү танилцуулга нь үндэсний тогтвортой хөгжлийг дэмжих санхүүгийн систем бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын томоохон нэг алхам болж байна.

Таксономи гэдэг нь ногоон болон тогтвортой эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлох ангиллын хэрэгсэл бөгөөд бодлого боловсруулагч, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг хэл болж өгөхийн зэрэгцээ ил тод байдлыг бэхжүүлж, ногоон угаалтын эрсдэлийг бууруулдаг. Монгол Улс 2019 онд Үндэсний Ногоон Таксономийг баталснаар дэлхийд таксономи нэвтрүүлсэн анхдагч орнуудын нэг болсон бөгөөд 2023 онд ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономийг баталж, хамрах хүрээгээ зөвхөн ногоон үйл ажиллагаанаас гадна Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан байгаль орчин, нийгмийн тэргүүлэх чиглэлүүдийг багтаах хэлбэрээр өргөжүүлсэн юм. Уг таксономийг зээлийн багцууд дээр туршиж, хэрэгжилтийн практик сургамж гаргаж авсны зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн таксономийн нийтлэг зарчмуудтай тулгаж үнэлсэн нь Хувилбар 2.0-ыг боловсруулах чухал үндэслэл болсон.

Шинэчилсэн Таксономи нь олон улсын таксономиудтай харилцан уялдаатай, нийцлийг хангах үүднээс шинжлэх ухаанд суурилсан шалгуур бүхий Техникийн Шалгуур Үзүүлэлтийн арга зүйг нэвтрүүлж байна. Жагсаалтад суурилсан хандлагаас шилжиж, Хувилбар 2.0 нь дараах гурван үндсэн зарчимд тулгуурласан илүү нарийвчилсан үнэлгээний арга барилыг нэвтрүүлж байна. Эдгээр нь (i) үйл ажиллагаа нь байгаль орчин, эсхүл нийгмийн зорилтод Суурь хувь нэмэр оруулсан байх, (ii) бусад тогтвортой байдлын зорилтод Ноцтой хор учруулахгүй байх , мөн (ii) Нийгмийн хамгааллын Суурь Үзүүлэлтийг хангасан байх тулгуур зарчмууд юм.

ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи Хувилбар 2.0-ыг танилцуулах үеэр Таксономийн Техникийн Ажлын Хэсгийн дарга бөгөөд Сангийн яамны Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Амарбаясгалан: "Монгол Улсын хувьд илүү ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн Таксономи нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны нөөцийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг тогтвортой хөрөнгө оруулалтын томоохон боломж бүхий чиглэлүүдэд санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын байгаль орчин, нийгмийн тэргүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтыг тодорхойлоход илүү уялдаатай нэгдмэл ойлголт өгөх юм" хэмээн онцлов.

ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи Хувилбар 2.0-ын шинэчлэлийг Европын Холбооны Тогтвортой Санхүүжилтийн Зөвлөх Төв (EU Sustainable Finance Advisory Hub) дэмжсэн ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) хэрэгжүүлэгч түнш байгууллагаар ажилласан. Арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните: “Энэхүү таксономи нь тогтвортой хөгжлийн зорилтуудад бодитой хувь нэмэр оруулах эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлохын зэрэгцээ ил тод байдлыг бэхжүүлж, тогтвортой байдлын талаарх бодит мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой. Европын Холбоо энэхүү үйл явцад Монгол Улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа бөгөөд цаашид ч Монгол Улсын энэ чиглэлээрх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна” хэмээн онцлов.

Энэхүү ажил нь Монгол Улс үндэсний ногоон шилжилтэд нэмэлтээр хөрөнгө оруулалт татах бусад ажлуудтай зэрэг тохиож байна. 2025 оны 10 дугаар сард Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB Global), Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны Global Gateway стратегийн хүрээнд Монгол Улсын ногоон шилжилтэд 1 тэрбум еврог хүртэлх хөрөнгө оруулалт нээхийг зорьсон ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Шинэчлэгдсэн Таксономи нь хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд юуг тогтвортой хөрөнгө оруулалт гэж үзэх талаар нэгдсэн ойлголт бий болгосноор энэ хөрөнгө оруулалтын хүчин чармайлтыг дэмжих юм.

Хувилбар 2.0-ыг Сангийн яамнаас ахалсан Техникийн Ажлын Хэсэг, салбарын дэд ажлын хэсгүүд, зохицуулах байгууллагууд болон санхүүгийн байгууллагууд зэрэг 70 гаруй байгууллагын өргөн хүрээтэй төлөөллүүдийн санал, зөвлөлдөөний үр дүнд боловсруулсан болно.

Хувилбар 2.0-ыг Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөл 9 дүгээр сард болох ээлжит хуралдаанаар албан ёсоор баталгаажуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ төслийн дараагийн үе шатанд зохицуулах болон санхүүгийн байгууллагуудад Таксономийг өдөр тутмын санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэрт нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхэд туслах практик зөвлөмж, салбарын онцлогт нийцсэн санхүүжилтийн хэрэгжилтийн гарын авлага болон чадавх бэхжүүлэх ажилд анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байна.

Монгол Улс таксономийн хүрээ боловсруулах шатнаас хэрэгжилтийн шатанд шилжиж буй энэ үед Таксономи Хувилбар 2.0 нь үндэсний тогтвортой санхүүгийн зах зээлийн найдвартай, ил тод байдлыг бэхжүүлж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтад дотоод, гадаадын хөрөнгийг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Европын Холбооны тухай
Европын Холбоо нь Европын 27 орны эдийн засаг, улс төрийн холбоо юм. Европын холбоо нь хүний нэр хүнд, эрх чөлөө, ардчилал, тэгш байдал, хууль дээдлэх ёс, түүнчлэн цөөнхийн эрхийг оролцуулан хүний эрхийг хүндэтгэх үнэт зүйлс дээр тулгуурладаг. Хүн нэг бүр ашиг хүртэх боломжтой байхаар нийгэм, байгаль орчин, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэлхий дахинд дэмжиж ажилладаг.

Европын Холбооны Тогтвортой Санхүүжилтийн Зөвлөх Төвийн тухай
2024 онд байгуулагдсан Европын Холбооны Тогтвортой Санхүүжилтийн Зөвлөх Төв нь бага, дунд орлоготой орнуудад тогтвортой санхүүжилтийн таксономи, мэдээллийн ил тод байдлын болон ногоон бондын хүрээ боловсруулахад дэмжлэг үзүүлдэг.

НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч буй шударга бус байдлыг арилгахын төлөө тэмцэж буй НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Бид 170 гаруй орны мэргэжилтэн, түнш байгууллагуудын өргөн сүлжээгээр дамжуулан хүн, дэлхийн төлөө урт хугацааны, цогц шийдэл бүрдүүлэхэд улс орнуудыг дэмжиж ажилладаг.

Нэмэлт мэдээлэл авах бол:
Хулан Баярсайхан | Харилцаа Холбооны Шинжээч | НҮБХХ Монгол Улс | khulan.bayarsaikhan@undp.org