НҮБХХ болон Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны эрчим хүчид суурилсан халаалтын систем хүлээлгэн өглөө

August 18, 2026

Улаанбаатар хот, 2026 оны 8-р сарын 19. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) болон Чингэлтэй дүүрэгтэй хамтран тус дүүргийн 48 өрхөд нарны эрчим хүчид суурилсан халаалтын систем хүлээлгэн өглөө. Энэ нь Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын бодит үр дүнгийн нэг болж байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ нь нарийн ширхэгт тоосонцрын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Энэхүү санаачилга нь нүүрсэнд суурилсан халаалтын хэрэглээг бууруулах, агаарын чанарыг сайжруулах, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байна. 

Нарны эрчим хүчид суурилсан эдгээр системийн тусламжтайгаар төсөлд хамрагдсан өрхүүд халаалт болон цахилгааны хэрэгцээгээ цэвэр эрчим хүчний эх үүсвэрээс хангахын зэрэгцээ илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр өрхийн эрчим хүчний зардлыг бууруулах, нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох, мөн агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

Энэхүү “Нарны эрчим хүчээр Улаанбаатар хотын гэр хорооллыг шинэчлэх нь (Нарны илч)”  төслийг CIDCA санхүүжүүлж, НҮБХХ хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд хоёр жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн нийт 450 өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр хангахаар зорьж байна. Төсөлд хамрагдсан өрхүүдэд суурилуулж буй систем нь нарны цахилгаан үүсгүүрийн хавтан, гибрид инвертер, эрчим хүч хуримтлуулах батарей, дулаан хадгалах цахилгаан халаагуур, ухаалаг тоолуур болон хяналтын төхөөрөмжөөс бүрдэнэ. Ухаалаг тоолуур болон хяналтын систем нь нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг хэмжих, холбогдох мэдээллийг бүртгэх боломж бүрдүүлж, цаашид нүүрстөрөгчийн кредитийг тооцоолох, баталгаажуулах болон нүүрстөрөгчийн санхүүжилтийн боломжийг судлах үндэс болох юм. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэлэхдээ: “Энэхүү санаачилга нь сэргээгдэх эрчим хүч нь иргэдийн амьдралд бодитой, практик байдлаар хэрхэн эерэг өөрчлөлт авчирч болохыг харуулж байна. Нарны эрчим хүчид суурилсан, найдвартай дулааны эх үүсвэрээр хангахаас гадна айл өрхүүд эрчим хүч үйлдвэрлэгч болж, нэмэлт орлого олох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ дүүргийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжийг олгож байна. Энэхүү шинэлэг шийдлийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархаж байна.” 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ: “Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилттэй энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжиж байгаадаа БНХАУ таатай байна. Төсөл нь цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжих замаар иргэдэд бодит үр өгөөж авчрахын зэрэгцээ Монгол Улсын илүү ногоон, тогтвортой ирээдүйг цогцлооход хувь нэмэр оруулж байна” гэв.

Two men sit indoors side by side; one in a suit, the other in a blue vest, patterned fabric behind.

НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд дарга Биата Транкманн хэлэхдээ: “НҮБХХ нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ иргэдийн амьдралыг сайжруулах шударга, хүртээмжтэй ногоон шилжилтийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байна. Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүчний шийдлээр дамжуулан үндэсний уур амьсгалын зорилтуудыг өрхийн түвшинд бодит үр өгөөж болгон хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Ингэснээр эрчим хүчний баталгаат байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоx ач холбогдолтой. Энэхүү санаачилгыг дэмжиж буй БНХАУ-д талархал илэрхийлье. Мөн нүүрсээc, цэвэр эрчим хүчинд суурилсан халаалтад шилжсэнээр хүлэмжийн хийн ялгарлын бууралт бий болох бөгөөд үүнийг олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд арилжаалах замаар Улаанбаатар хотод шинэлэг санхүүжилт татах боломжийг судлахыг зорьж байна. Ингэснээр зах зээлийн механизмыг иргэдэд бодит үр өгөөж өгөхөд ашиглах боломж бүрдэнэ” гэв.

Монгол Улсын уур амьсгал, эрчим хүчний үндэсний тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан энэхүү төсөл нь Тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа цэвэр эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, тогтвортой хот, суурин газрыг дэмжихэд хувь нэмэр оруулж байна. Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг урагшлуулахад үзүүлж буй Монгол Улсын Засгийн газрын тууштай манлайлал, хамтын ажиллагаанд НҮБХХ талархал илэрхийлж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний зорилтоо хэрэгжүүлэн урагшлахын хэрээр ногоон шилжилтийн үр өгөөжийг өргөн хүрээнд, тэгш хүртээмжтэй түгээхэд төр, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн тухай

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг арилгахад чиглэн ажилладаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн тэргүүлэх байгууллага юм. НҮБХХ нь дэлхийн 170 гаруй улс орон, нутаг дэвсгэрт мэргэжилтнүүд болон түншүүдийн өргөн сүлжээтэй хамтран хүн болон эх дэлхийн төлөө харилцан уялдаатай, урт хугацааны тогтвортой шийдлүүдийг бий болгоход улс орнуудад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Холбоо барих:
Б.Хулан | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org