Нутгийн олны “далай” болсон Хөөврийн булаг

March 10, 2024

Монгол Улсын говь, хээрийн бүс нутагт байх нуур тойром, булаг шанд нь экологийн хувьд чухал ач холбогдолтой төдийгүй хүн, малын ундны усыг хангагч, зэрлэг амьтад, нүүдлийн шувуудын амрах газар болдог гадаргын усны гол эх үүсвэр буюу “чандмань эрдэнэ” юм. 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс хүн, малын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд гадаргын усыг ашиглах, тогтмол байлгахад анхаарч нийт зорилтот 4 аймгийн хэмжээнд 2022-2023 онуудад нийт 32 булгийн эхийг хашиж хамгаалаад байна. 

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац багасах, усны хомсдолын асуудал юм. Булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хамгаалах нь эко системийг сэргээх дасан зохицохуйн нэг арга юм. Доройтолд орсон булгуудыг байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зорилтот 4 аймагт булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг төслөөс хэрэгжүүлж байгаа нь нутгийн иргэдэд бодит үр дүн, хувь нэмрээ үзүүлсээр байна. 

Төслийн зорилтот аймгуудын нэг Сүхбаатар аймгийн зарим сумд нь Галба-Өөш, Долоодын ай сав газарт хамаарах бөгөөд гадаргын ус ховор, гүний усаар хэрэглээгээ хангадаг говь, хээрийн бүс нутаг юм.  Энэхүү сав газрын жилийн дундаж агаарын температур 1961-2021 оны хооронд 2.4°С-аар нэмэгдсэн бөгөөд ялангуяа өвөл, хаврын улиралд илүү эрчимтэй (3-3.1°С-аар) дулааралт ажиглагдах болсон. Хүйтний улирлын хур тунадас 12.2%-иар нэмэгдэж, дулааны улирлын тунадас бараг өөрчлөлтгүй байгаа нь чийгийн хангамж дутмаг тус нутаг дэвсгэр дэх хуурайшлыг улам бүр эрчимжүүлж байна.

Төслийн үйл ажиллагаа бодит үр дүнгээ өгч буй нутгуудын нэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Хөөврийн булаг юм. Нутгийн иргэдийн амьдралын гол эх нь болсон булгийн урсац малын хөлд дарагдан, усны ундарга нь татарч бохирдон, ширгэсэн тул төслийн хүрээнд 2022 онд булгийн эхийг хашиж хамгаалснаар нэгхэн жилийн дотор гайхалтай үр дүн гарсан юм.  Одоо Хөөврийн булаг нь далай мэт  урсаж булгийг тойрон нутаглах 25 өрх малчдын сэтгэлийг тэнийлгэн, 30 гаруй мянган мал, амьтдын ундаалан цугладаг сайхан газар болжээ. 

“АДАПТ төслийн булгийн эхийг сэргэнэ хамгаалах санаачилга Уур амьсгалын ногоон сангийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилттой нийцэж байна. Энэ нь зорилтот, тогтвортой санаачилгууд бодит үр дүнд хүрч, ус зэрэг амин чухал нөөцийг зөвхөн одоогийн төдийгүй ирээдүй хойч үедээ хадгалж үлдэх нь нэн чухал" гэж Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч хатагтай Ж. Чойханд хэлэв.

Төслөөр хашиж хамгаалсан Хөөврийн булаг, 2023 он, Сүхбаатар аймаг, Дарьганга сум

НҮБХХ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн малчин У.Гантогоо, П.Саруултай ярилцсан яриаг товчхон толилуулъя. 

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

У.Гантогоо: Намайг Гантогоо гэдэг. Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрж өссөн. 8 жилээ төгсөөд цэрэгт яваад ирснийхээ дараа 2007 онд ханьтайгаа амьдарч, түүнээс хойш Хөөврийн булгийнхаа ойролцоо нүүдэллэн амьдарч байна. 

Гантогоо, Саруулын гэр, Сүхбаатар аймаг, Дарьганга сум

НҮБХХ

Намайг анх мал маллан эхэлж байхад бэлчээрийн даац боломжийн байсан. Одоо ч айлууд ойр ойрхон буусан, бас мал их өсөж байгаа учраас бэлчээрийн даац муудаад л байгаа. Мал ихсэхээр ус, бэлчээрийн даац улам л багасаад л байна.  Өвөлжөөнөөсөө буугаад хавар ирэхэд манай булгийн ус хонхроо дүүргэсэн байдаг байлаа. Мал ихээр цуглахаар ус нь амархан ширгээд, баруун, зүүн гээд тасарчихдаг юм. Тэгээд сүүлдээ адуу, мал орж зогсоод даац нь хэтэрдэг юм уу, багасаад байхгүй болчихдог байв. 

П.Саруул: Манай хөөврийн булаг бид хоёрыг анх тусдаа гарч байхад их сайхан урсацтай байлаа. Саяхнаас буюу 3-4 жилийн өмнөөс ус нь муудаад ширгээд эхэлсэндээ. Хөөврийн булгийг тойроод одоо хорь, гучаад айл өрх амьдардаг. Малынх нь даац хэтэрсэн. 2022 онд булгийн эхийг АДАПТ төслөөр хашиж хамгаалсан. Тэрнээс хойш бол их сайхан байна. Ус нь энэ зун их сайхан урсацтай байна. 

Хөөврийн булаг, 2015 оны сансрын зураг, Сүхбаатар аймаг, Дарьганга сум

НҮБХХ

Өмнө нь бид шөнө 12 цаг гээд л малчид малаа уралдаад л усалдаг байлаа. Өдөр болохоор уух юм байхгүй. Мал их цуглаад. Сул малууд зөндөө орно. Ус нь ботгироод дан шавар болчихдог байсан. Шөнө малаа усалж амжаагүй нь малаа буцаад туугаад явдаг байлаа.  

Мал булагт орж ус ууж буй

НҮБХХ

Булгийн эхийг хашиж хамгаалаагүй байхад тийм л байсан. Одоо хашсанаас хойш сайхан байна. Дараалах зүйл байхгүй. Мал маань зөнгөөрөө усруугаа орчихно. Энэ жил зуншлага сайтай, хур бороо ч сайхан жил байлаа. Хашсанаас хойш сайхан, бидний амьдрал амар тайван, мал тарган тавтай байна. 

Өмнө нь бид ус муутай байхад булгаа орхиод задгай ус бараадаад нүүцгээдэг байв. Зуны цагт 4-5 удаа нүүх үе ч зөндөө л байлаа. Бороо орсон газар нуур тогтлоо гээд тэнд нь очоод буухад хэдхэн хоноод нөгөөх нуур нь тогтсон ус учраас байхгүй болно. Харин голтой, устай сайхан газраа очиход өвс байхгүй. Тэгэхээр мал тогтоход муу гэх мэтээр зөндөө нүүж байлаа. 

Анх хаваржаанд буугаад нүүгээд ирэхэд хөөврийн булаг чинь яг ийм гоё энэ жилийнх шиг байдаг байсан. Энэ жил манай хөөврийн булаг далай шиг байна даа гэж манай нутгийнхан ярьж байна. 

Намаржаандаа буусан малчин айлууд, Сүхбаатар аймаг, Дарьганга сум

НҮБХХ