Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Олон хэмжээст ядуурлын индексийн аргачлалыг Монгол Улсад шинээр нэвтрүүлж байна
December 14, 2025
Олон хэмжээст ядуурлын индекс Товч тайлан
Улаанбаатар, 2025 оны 12-р сарын 15. Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн “Тогтвортой хөгжлийг дэмжих статистикийн чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд боловсруулсан Олон хэмжээст ядуурлын индексийн (ОХЯИ) туршилтын үр дүнг танилцуулах арга хэмжээг зохион байгуулав. Уг төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам санхүүжүүлж, НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Энэхүү Үндэсний Олон хэмжээст ядуурлын индексийн туршилтын ажлыг ҮСХ ахалсан Ажлын хэсэг, Оксфордын Ядуурал ба хүний хөгжлийн санаачилга болон НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төвийн экспертүүдийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн юм. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, амьжиргааны байдлын гачигдлыг зэрэг хэмжих замаар ядуурлын түвшинг тодорхойлоход чиглэсэн тус ОХЯИ-ийг МУ-ын онцлог болон тэргүүлэх чиглэлд тохируулан, 2024 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон олон улсын Алкайр-Фостерийн арга зүйг ашиглан боловсруулсан. Ингэснээр ҮСХ нь 2027 онд танилцуулах ОХЯИ-ийн үр дүнг 2026 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаан дээр үндэслэн тус аргачлалын дагуу боловсруулах суурь тавигдаж байгаа юм.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: “Үндэсний Олон хэмжээст ядуурлын индекс нь нотолгоонд суурилсан, хариуцлагатай шийдвэр гаргах үйл явцыг бэхжүүлж, иргэдийн амьжиргааны байдлыг нарийвчлан хэмжих замаар Засгийн газар болон түнш байгууллагуудад нөөцөө илүү оновчтой чиглүүлэх, улмаар ахиц дэвшлээ үр дүнтэй хянахад дэмжлэг болдог. Үндэсний статистикийн хорооноос 2026 оны судалгаа, мэдээлэлд суурилсан ОХЯИ-ийн үр дүнг 2027 онд албан ёсоор танилцуулах бөгөөд цаашид тус индексийг тогтмол хугацаанд шинэчлэх болно” хэмээн онцлов.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тус арга хэмжээний үеэр Үндэсний ОХЯИ-ийн ач холбогдлыг онцолж, улмаар “Бүгд Найрамдах Солонгос Улс хөгжлийн бодлого, жендэрийн тэгш байдал, байгаль орчны хамгаалал болон нийгмийн бодлогын чиглэлээр МУ-ын Засгийн газартай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “Зөвхөн орлогын түвшнээр хязгаарлахгүйгээр иргэдийн амьжиргааны бодит нөхцөл байдлыг ойлгох боломж олгож буй энэхүү ОХЯИ-ийн туршилтын үр дүн нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтээ ахиулах чухал хэрэгсэл болж байна. НҮБХХ энэхүү нотолгоонд суурилсан мэдээллийг хамгийн хэрэгцээтэй газарт нь чиглүүлэх, улмаар хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх чиглэлээр МУ-ын Засгийн газартай цаашид ч хамтран ажилласаар байх болно” хэмээн тэмдэглэлээ.
Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Үндэсний Олон хэмжээст ядуурлын индексийг бодлого боловсруулахад илүү үр дүнтэй ашиглах, нийгэм, эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, мөн ядуурал, эмзэг байдлыг бодитоор бууруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үр дүнг хэрхэн ашиглах талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү Үндэсний Олон хэмжээст ядуурлын индексийг эцэслэн боловсруулснаар Монгол Улс олон хэмжээст ядуурлыг хэмжих аргачлалыг бодлогын чухал хэрэгсэл болгон ашиглаж буй дэлхийн 50 гаруй орны эгнээнд нэгдэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төвийн тухай
НҮБХХ-ийн Сөүл дэх Бодлогын төв нь дэлхий нийтийн хөгжлийн болон бодлогын сүлжээний чухал нэгж юм. Тус төв нь хөгжлийн үр нөлөөтэй хамтын ажиллагаа, Өмнөд–Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хөгжлийн тэргүүн туршлага, шинэлэг судалгаа, бодлогын хэлэлцүүлэг болон мэдлэгийн солилцоог өрнүүлснээр илүү чанартай хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.