НҮБХХ-ийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын Ерөнхий Газарт хэрэгжиж эхэллээ
September 21, 2023
Улаанбаатар, 2023 оны 9 сарын 21: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-т Жендэрийн Үндэсний Хороотой хамтран хэрэгжиж эхэлснээр ТЕГ нь тус санаачилгад хамрагдсан анхны Монгол Улсын төрийн байгууллага боллоо. Тус санаачилга нь ТХЗ 2030 хурдасгах зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэхэд анхааран ажилладаг төрийн байгууллагуудыг онцлон дэмжих сайн дурын хөтөлбөр юм.
Анх 2021 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү санаачилга нь цар хүрээгээ тэлсээр (Монгол Улсыг оролцуулаад) нийт 19 улс орны 83 төрийн байгууллагуудад хэрэгжиж байна. Бүтэц зохион байгуулалт болон бодлогын бодит үр дүнгийн зөрүүг арилгах; институцийн амлалтуудыг бодит ажил хэрэг болгох замын зураглалыг боловсруулахад тус санаачлага нь гол дэмжлэг үзүүлдэг юм. Мөн оролцогч төрийн байгууллагуудын үр дүнгээс хамаарч алт, мөнгө, хүрэл гэсэн гурван төрлийн гэрчилгээг олгодог.
Өнөөдөр мөн хэрэгжиж эхэлж буй НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” хэмээх томоохон санаачилга нь төсвийн бодлогыг жендэрийн тэгш байдалтай уялдуулж, төрийн санхүү, нөөц бололцоог дайчлах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй татварын системийг дэмжих зорилготой юм. Монгол Улсыг оролцуулаад дэлхий дахинд нийт найман улс энэхүү санаачилгад хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба жендэрт нийцсэн татварын тогтолцоог бий болгох хүрээнд ажиллаж байгаа юм.
Энэхүү санаачилга нь Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх чиглэлд чухал дэмжлэг болох ба тодруулбал, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх болон энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Төслийн нээлтийн арга хэмжээний үеэр Татварын ерөнхий газрын дарга Б. Заяабал, “Ардчилал гэдэг бол тэгш оролцоог хэлнэ. Тэгш оролцоо гэдэг нь зөвхөн хүйсийн тэгш харилцаа бус Улс төр, соёл, гэр бүл эдийн засаг гэх мэт нийгмийн бүхий л харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох боломж бүрдсэн байвал түүнийг бүрэн ардчилал гэж үздэг. Энэ утгаар нь тэгш оролцоог бий болгохыг зорьж байна” хэллээ.
Уг санаачилгын хүрээнд Татварын Ерөнхий Газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороотой нягт хамтран ажиллаж, төлөвлөлт, менежмент; байгууллагын бүтэц, чадавх; ажиллах орчин; оролцоо, түншлэл, хариуцлага; төрийн бодлогын үр дүн, нөлөөлөл гэсэн нийт таван хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг 20 стандарт, 40 жишиг үзүүлэлтийн дагуу сайжруулан ажиллах юм.
Төслийн нээлтийн арга хэмжээний хурлын үеэр НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Хатагтай Матильда Димовска, “Монгол Улсын төрийн байгууллагууд, тэр дундаа Татварын Ерөнхий Газар, жендэрийн тэгш байдлыг сайжруулахад хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгааг харахад таатай байна. Бидний хамтын ажиллагааны үр дүн төрийн бусад байгууллагуудад энэхүү санаачилгад нэгдэж, Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн ахиц дэвшлийг дэмжих томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэллээ.
***
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org