Цахим хүртээмж, цахим ур чадварыг инновацад түшиглэн турших замаар нэмэгдүүлэх нь

December 19, 2022

Author: Bulgan Luuzandamba, UNDP Mongolia Accelerator Team

Техник технологи гэрлийн хурдаар хөгжихийн хэрээр, цахим ур чадвар дутмаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ бүхний ард хоцорч байна.

НҮБ- ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хурдасгуур Лаборатори нь эмзэг бүлгийн хүмүүст зориулан цахим хүртээмжийг нэмэгдүүлэх мөн цахим ур чадварын боловсрол олгохоор ажиллаж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд, бид шат дараалсан туршилтуудыг хийж үзлээ.  

Цахим ур чадварыг олгох сургалтын хөтөлбөр

Монгол Улсад болон бусад орнуудад боловсруулсан цахим ур чадварын сургалтын хөтөлбөрүүдийг судалж үзээд, бид Майкрософтын сургалтын хөтөлбөр нь илүү цогц, системтэй, ойлгомжтой юм байна гэж үнэлсэн юм. Мөн хөтөлбөрийг видео контент дагалдсан нь илүү хүртээмжтэйгээс гадна, нээлттэй эх сурвалжийн материал учраас хөтөлбөрийг тодорхой орчин, нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжийг олгож байв.

Бид сургалтын хөтөлбөрийг Монгол хэлнээ орчуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс дуу оруулалт, хадмал орчуулга хийв. Бэлэн болсон хөтөлбөрийг зорилтот бүлгийнхэн үзсэний дараа, хадмал орчуулгаас илүү дохионы хэлний орчуулга оруулж өгвөл сонсголын бэрхшээлтэй хүмүүст илүү тохиромжтой байсныг олж мэдсэн.

Өөр нэг чухал сургамж бол үндэсний хэмжээнд цахим ур чадвар олгох олон контент боловсруулсан байгаа ч, тэдгээрийг олон нийтэд хүргэх тал дээр анхаардаггүй, голдуу хаалттай эх сурвалж дээр тавьдаг нь ажиглагдсан. Үүнээс зайлсхийхийн тулд, бид өөрсдийн контентоо хүн бүрийн хандах боломжтой хэд хэдэн платформ дээр байрлууллаа.

Хэдий тийм боловч хөтөлбөрийн хандалт бага хэвээр байв. Үүнээс бид хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хүргэх шаардлагатай юм байна, аль болох олон хүн хүрэх кампанит ажил өрнүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.

Цахим кампанит ажил

Бидний 2021 онд хийсэн Цахим ур чадварын үнэлгээгээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цахим технологийн талаар мэдэхгүй зүйлээ голдуу үр хүүхэд, ах дүү нараасаа асуудаг. Гэвч гэр бүлийн гишүүд нэг асуултаа олон дахин асуулаа хэмээн төвөгшөөж, уцаарладаг учраас шаардлагатай дэмжлэг туслалцааг тэр бүр авч чаддаггүй болохыг олж мэдсэн.

Монгол улс Фейсбүүк хэрэглэгчдийн тоогоор дэлхийд дээгүүр ордог учраас бид энэ платформыг ашиглан “Цахимжих уу? TA” нэртэй хуудас нээсэн. Тус хуудсын зорилго нь зорилтот бүлгүүд болон тэдний гэр бүлийн гишүүд цахим ур чадварыг олгох олон төрлийн контентыг нэгтгэсэн платформ болгох юм. Тухайлбал, бидний орчуулсан болон бусад хүмүүс, байгууллагуудын бүтээсэн видео контент, боловсролын болон хөгжөөнт нийтлэлүүд, мөн цахим ур чадварын чиглэлээр олон хандалт авсан материалыг тус хуудсаас харж болно. Бидний туршсан бас нэг үйлчилгээ бол ганцаарчилсан туслалцаа хэрэгтэй, тодорхой асуудал дээр хурдан хариу авах хүсэлтэй хүмүүст зориулсан мессенжер чатын үйлчилгээг явуулсан.

Туршилт явсан сар хагасын хугацаанд бид 200 мянга гаруй хүнд хүрсэн ба хамгийн сайн ойлгосон зүйл бол цахим ур чадварыг хүний өдөр тутмын амьдралтай холбох хэрэгтэй бөгөөд үг хэллэг нь маш энгийн, ойлгомжтой байлгахад анхаарах шаардлагатай тухай байсан. Мөн ийм төрлийн кампанит ажлыг амжилттай явуулах нь маш их цаг зав, байнгын үйл ажиллагаа шаарддаг болохыг ойлгосон. Тухайлбал, өдөр тутам олон контентийг оруулж байж хүмүүст хүрдэг, мөн чат үйлчилгээг явуулахад тэр дор нь хариу өгөх хүн бэлэн байх, тэдгээр зөвлөгч нарын сургалт гэх мэт олон асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.

Хамгийн гол ажиглалт бол ойр дотнын хүмүүс нь үзүүлэхгүй л юм бол бид зорилтот бүлэгтээ шууд хүрч чадахгүй гэдгийг харсан. Тиймээс, тэдгээр хүмүүст хүрэхийн тулд бид танхимын сургалт гэх мэт нүүр тулсан аргуудыг хэрэглэж зорилтот бүлэгтэйгээ шууд харилцах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

Цахим ур чадварын сургалт

Дээр дурдсан үнэлгээний үр дүнгээс харахад, ахмадууд технологийг хэрэглэхээс айдаг, мөн олон хүн өөрсдийгөө хэт хоцрогдсон гэж боддогийг олж мэдсэн. Тийм учраас бид мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран, Mайкрософтын цахим ур чадварын сургалтын хөтөлбөрт тулгуурласан цуврал сургалтыг туршиж, 100 орчим ахмадуудыг хамруулав.

Сургалтаар компьютерын хэрэглээний анхан шатны мэдлэгийг өгснөөс гадна, цахим орчинд үр дүнтэй харилцах, аюулгүй байдлаа хангах, контент бүтээх зэрэг сэдвүүдээр хичээл заалаа. Оролцогчдын хэрэгцээ, суралцах арга барил, хурд зэрэг нь насны бүлгээс хамаараад харилцан адилгүй байдаг учраас компьютерийн функцийг тайлбарлахдаа энгийн, өдөр тутмын үгсийг хэрэглэх, хүн нэг бүртэй тулж ажиллах шаардлагатай болсон. Мөн үйлдлийг оролцогчдоор өөрсдөөр нь идэвхтэй гүйцэтгүүлж, өөртөө итгэх итгэлийг суулгах нь маш чухал учраас нэг удаад 10-аас хэтрэхгүй суралцагчтай, хэвийн ажиллагаатай тоног төхөөрөмж бүхий сургалтын орчныг бүрдүүлэх хэрэгтэйг бид олж мэдсэн.

Бидний хийсэн эдгээр туршилтуудаас харахад тэгш хамруулна, хүртээмжтэй байна гэдэг нь зорилтот бүлгийнхээ онцлог, давуу болон хязгаарлагдмал талуудыг бүрэн ойлгохын зэрэгцээ үйл ажиллагааг болгондоо тэдгээр нарийн ширийн зүйлийг бодолцож төлөвлөх хэрэгтэй болохыг сурсан. Эдгээр туршилтаас олж авсан мэдлэг, сургамж нь Монгол Улсад хүртээмжтэй цахим контентыг хөгжүүлэх, цахим ур чадварыг нэмэгдүүлэх аливаа хөтөлбөр, төслийн салшгүй хэсэг болно гэдэгт итгэлтэй байна.