Б.Хоролцэцэг: Бүтэн жил ажил хайгаад орж чадаагүй байсан үедээ гэрээсээ цахимаар ажил хийх боломжоо нээсэн

August 29, 2022

Ms. Khoroltsetseg works at the German-Mongolian Institute for Resources and Technology (GMIT) as a dormitory coordinator with the help of the "profiling" service

Намайг Хоролцэцэг гэдэг. Би урлаг судлаач мэргэжилтэй. 2017 онд сургуулиа төгсөөд богино хугацаанд ажиллаж байсан ч удалгүй ээж болж, мөн Налайх дүүрэг рүү шилжин амьдрах шаардлагатай болсон л доо. Миний хувьд гэртээ хүүхдээ хараад ажил хийлгүй 3 жил болсон учраас ажил хийхийн тулд хаанаас эхлэх, хэрхэн ажил хайх талаар ойлголт бага байсан. Иймд юутай ч шилжин суурьшин ирсэн газартаа ажил хийхээр шийдэн, дүүргийнхээ Хөдөлмөр нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажилд орох хүсэлтээ бүртгүүлсэн ч хэлтсээс санал болгож байсан ажил миний мэргэжил, ур чадварт төдийлөн тохирохооргүй байсан ба улмаар бүтэн жил болсон. Налайх дүүрэгт тэр тусмаа урлаг судлаач мэргэжлээрээ ажиллах боломж бага байв.

Гэтэл нэг өдөр азтай тохиолдлоор хийсэн ганцхан үйлдэл минь миний амьдралыг өөрчилсөн юм. Тэр нь Фэйсбүүкээр “Та өөрийн хөдөлмөр эрхлэх боломжоо үнэлүүлэхийг (Профайлингийн үйлчилгээ) хүсвэл гүүгл форум бөглөнө үү гэсэн зар байсныг харж түүнийг сонирхож бөглөсөн явдал юм. Тухайн үедээ төдийлөн итгэлгүй, чухам ямар үйлчилгээ болохыг сайн мэдэхгүй ч мэдэхийг хүсэж бүртгүүлсэн нь одоо намайг ажилтай, орлоготой, өөртөө итгэлтэй ур чадвартай ажилтан болоход нөлөөлөөд байна. Би тус хүсэлтийг илгээснээс хойш яг 7 хоногийн дараа над руу дүүргийн маань ХХҮХ-ээс холбогдож та хэлтэс дээр хүрч ирэн, шинээр нэвтэрч байгаа үйлчилгээ болох Профайлинг үйлчилгээнд хамрагдан, өөрийн үнэлгээгээ хийлгээрэй гэж дуулгаж билээ.

Ингээд би дотроо мэргэжлээрээ л ажиллахаас өөр ямар ч сонголт надад байхгүй гэж бодож явсан бодол минь өөрчлөгдөж, одоогийн энэ хувьсан өөрчлөгдөж буй цаг үетэй хөл нийлүүлэн ажиллаж амьдарч болох боломжууд байгааг, тэр тусмаа зөвхөн миний нөхцөл байдалд тохирсон цаашдын минь замыг чиглүүлж өгсөн “Хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө”-г гардан авсан.

Профайлинг гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн албадын мэргэжилтнүүдээс хувь хүний хөгжил, харилцаа, сэтгэл зүйд чиглэсэн ажилгүй иргэдийг хөлөө олж тохирсон ажилтай болоход туслах гол зорилготой үйлчилгээ гэж би ойлгодог. Миний анзаарсан нэг зүйл бол Профайлинг үйлчилгээ нь ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр мэргэшсэн хүмүүс тухайн иргэнтэй ярилцах замаар юу сурсан, юу хийж чаддаг, ямар ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгааг нь оношлох замаар тухайн хүнд тохирох хамгийн боломжит хөгжүүлэх, сургах боломжууд, мөн тохирох ажлын байранд чиглэлүүлэн, холбож өгдөг юм шиг санагдсан. Ямар ч хамаагүй ажил санал болгож зуучлахдаа биш, харин тухайн хүнийг  судалж байж холбож өгдөг нь таалагдсан. Энэ бол маш том давуу тал. Үүний ачаар би өөрийн ур чадвар, хүсэл сонирхолд нийцсэн ажлаа хийх боломж бүрдсэн.

“Санхүүгийн эрх чөлөөтэй болсон, хүссэн дүүрэгтээ амьдрах боломжтой болсон нь”

За тэгээд миний “Үнэлгээ”-ний үр дүн болох Төлөвлөгөөнд туссан, зөвлөсөн гурван газрын нэг нь Налайх дүүрэгт байсан тул түүнийг сонгон ажиллаж байна. Энэ бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль юм. Манай сургууль бол Герман Монголын санхүүжилттэй сургууль бөгөөд гадаад дотоодын олон ажилтантай учраас манайд ажилд ороход англи хэлний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ажилдаа орсноор би илүү бодит хувь хүний хөгжилдөө анхаарах боломжтой болсон. Учир нь манай сургууль ажилтнаа дэмжсэн олон олон боломжийг олгох хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд миний хувьд сургуульдаа Магистрт сурахаар болсон.

Мэдээж ногоон гэрлээр ажилдаа шууд тэнцээгүй. Учир нь энэхүү ажлын байрны шалгуур өндөр байсан бөгөөд англи хэлний маш сайн мэдлэгтэй , сэтгэл зүйч мэргэжлээр 3с- дээш жил ажилласан байх гэсэн шаардлага тавьж байлаа. Гэхдээ багш нарынхаа тусламжтайгаар мөн ажиллангаа суралцаад явж болох бүрэн боломжтой гэсэн итгэл үнэмшлийг үзүүлж чадсан учраас одоо ажиллаад явж байгаадаа маш их баяртай байгаа. Өглөө бүр сэтгэл ханамжтай ажилдаа яаран явдаг...

"Өөрийгөө ийм ажилд ороод багш болоод явна гэж зүүдэлж ч байсангүй. Манай оюутнууд багшаа гэж дуудах бүрд их сайхан байдаг."

Энэ үйлчилгээнээс ажигласан бас нэг зүйл нь залуус бид ажилгүй үедээ хамгийн түрүүнд өөрөөс шалтгаалах зүйлсийг эхлээд хийгээд үзээсэй гэж бодсон. Тэр нь залуучууд тууштай удаан ажиллахгүй, ажилд ороод л гараад байгаа үзэгдэл бол тухайн ажил нь танд таалагдахгүй байгаа учраас юм. Байгууллагад орохдоо ажиллах газраа судлаагүй, тэр газрынхаа онцлогийг мэдэхгүй зөвхөн цалинг нь хараад ордог юм билээ. Үүнээс болоод ажилгүй иргэд их ч нөгөө талд эзэнгүй ажлын байр их байгаа гэдгийг ажигласан.

Харин ажилгүй иргэд хэнд хандахаа мөн мэддэггүй, наад захын ямар ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй, CV гэж юу болохыг мэдэхгүй, ажилд орсны дараах мэдээлэл, хамт олонтой байх, хамт олонтой яаж харилцахаа мэдэхгүй байдаг зэрэг асуудлууд бидэнд байж болно. Түүнийгээ энэ үйлчилгээний тусламжтайгаар илрүүлж, сайжруулах, өөрийгөө өөрчлөх шинэ ур чадвартай болох бүрэн боломжтойг ойлгосон.

Ажил хайж байна гээд анкет илгээгээд бүтэн жил хүлээж суун байсан Хоролцэцэг одоо өөрийгөө хэн бэ гэдгээ илүү ихээр мэдэж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж өөрчлөгдсөн миний энэхүү түүхээр дамжуулан удаан ажил хийгээгүй, хэрхэн ажлын байрны шалгаруулалтад тэнцэхээ мэдэхгүй байгаа залуучууд, гэртээ хүүхдээ харан суугаа эцэг эхчүүдийг энэхүү олон улсын туршлагад үндэслэн хийж байгаа үйлчилгээнд хамрагдаж үзээсэй гэж хүсэж байна.

Намайг дэмжиж тусалсан Хөдөлмөрийн зөвлөх, ажил олгогчдоо мөн энэхүү дэлхийн стандартад нийцсэн Профайлинг сургалтыг Монгол улсын хөдөлмөрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлд мөн ХНХЯ-д талархал илэрхийлье!

***

НҮБХХ-ийн "Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл нь Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих зорилготой юм. Төсөл нь хоёр үндсэн үйл ажиллагаанаас бүрддэг: i) шууд хөндлөнгийн оролцоо, бодлогыг сайжруулах замаар Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ii) үр дүнд чиглэсэн, бүтээмжтэй, нотолгоонд суурилсан бодлого, төсвийн санаачилгыг хэрэгжүүлэх төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн салбарт сайжруулах

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.undp.org/mongolia веб сайтаас мөн dolgorsuren.chuluunbaatar@undp.org цахим хаягаар авах боломжтой