Монголын улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалтад нэгдлээ

April 10, 2023

Монголын улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалтад нэгдлээ

НҮБХХ

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот: “ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ТЭГШ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХ   УЛС ТӨРИЙН НАМЫН АМЛАЛТ-д улс төрийн 10 нам нэгдэж, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” Олон улсын форумын үеэр  гарын үсэг зурлаа. 

Тус форумыг БНСУ-ын КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй юм.

Улс төрийн намууд энэхүү амлалтад гарын үсэг зурснаар Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй институц болохын хувьд  шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангахыг дэмжиж буйгаа илэрхийлж, оролцох, төлөөлөх нь иргэн бүрийн эрхэм нандин үнэ цэн, хүний үндсэн эрх болохыг цохон тэмдэглэж дараах 8 зүйлд манлайлан ажиллахаа амлаж байгаа юм. 

Төлөөллийн ардчиллын институц болохын хувьд шийдвэр гаргагчидтай хамтран: 

1. Улс төрийн намыг бодлогын институц болгон төлөвшүүлэхэд намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгож, дотоод ардчиллыг бэхжүүлж, хариуцлагын жишгийг тогтоож, жендэрийн тэгш байдлыг дэмжих, 

2. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах, 

Дотоод ардчилал, жендэрийн хариуцлагатай улс төрийн нам болохын тулд: 

3. Намын бодлого, дүрэм, журам, хөтөлбөрийг жендэрийн хариуцлагатайгаар шинэчлэн хэрэгжүүлж, ил тод болгох, ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, 

4. Намын шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, 

5. Эмэгтэй гишүүдийн манлайллыг дэмжих хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, 

6. Сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн улс төрийн албанд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизмуудыг хэрэглэх, 

7. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх, 

8. Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөлтэй байх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаа амлаж байна. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич форумын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад хүн бүрийн оролцоо, идэвхи чухал байгааг онцлон “Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй хүн бүрд нөлөөлөх шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд тэгш оролцох боломжийг хангахын тулд зоригтой, шийдэмгий алхам хийх цаг  тулж ирээд байна. Тиймээс энэ чиглэлд хүчин чармайлт гаргах үүрэг амлалтаа баталгаажуулж шийдвэр гаргахад тэгш төлөөлөлтэй байх амлалтад гарын үсэг зурж буй улс төрийн намын удирдлагуудад талархал илэрхийлье” хэмээн хэллээ. 

БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг ЖунРёо хууль тогтоомжид жендэрийн квот тусгахын ач холбогдолыг онцлон “Энэ нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тэдний эрх ашиг шийдвэр гаргалтад бүрэн дүүрэн тусдаг болоход дэмжлэг болох чухал алхам юм. Тиймээс энэхүү амлалтыг дэмжиж, тэр дундаа хэрэгжилтэнд илүү ач холбогдол өгч ажиллахыг энд буй бүх оролцогчдоос уриалж байна” гэж форумын үеэр хэллээ. 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тухай (КОЙКА) 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА) нь 1991 онд Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан Засгийн газрын агентлаг болж байгуулагдсан юм. КОЙКА нь түншлэгч орнуудаа ядууралтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://koica.go.kr -с авна уу. 

Нэмэлт мэдээллийг: Э.Эрдэнэчимэг Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл. И-мэйл:  Erdenechimeg.erdene@undp.org