НҮБХХ болон Дундговь аймаг ногоон, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

October 6, 2026

Дундговь аймаг, 2026 оны 10 дугаар сарын 5 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь ногоон хөгжил, уур амьсгалын  өөрчлөлтөд дасан зохицох, орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү гурван жилийн хугацаатай санамж бичгээр талууд ногоон эрчим хүчний шилжилт, уур амьсгалын  өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, байгалийн нөөцийн менежмент, ногоон, хүртээмжтэй орон нутгийн эдийн засгийн хөгжил, дижитал шилжилт, засаглал ба хүний хөгжил гэсэн харилцан уялдаатай дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Group of men in suits sit at a long conference table in a meeting room.

Citizens' Representative Council of Dornogovi Province

Хамтын ажиллагааны гол зорилго нь Дундговь аймгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн шийдлийг хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанар, амьжиргааг дээшлүүлэхэд оршино. Талууд ногоон хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлж, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах, эдийн засгийн шинэ боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана. Ингэхдээ эмэгтэйчүүд, залуучууд болон дэмжлэг шаардлагатай иргэдэд илүү хүртээмжтэй боломж бүрдүүлэхэд анхаарна. Орон нутгийн мэдлэг, санаачилга, оролцоонд тулгуурлан Дундговь аймгийн нөхцөлд тохирсон шийдлийг хамтран боловсруулж, инновац, олон улсын сайн туршлагатай хослуулах нь хамтын ажиллагааны нэг онцлог байх юм. 

“Хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, шийдэл нь орон нутгийн хэрэгцээ, бодит нөхцөлд нийцсэн байхыг НҮБХХ чухалчилж, орон нутгийн удирдлага, иргэдтэй нягт хамтран ажилласаар ирсэн. Дундговь аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж, цэвэр эрчим хүч, уур амьсгалын тэсвэржилт, тогтвортой амьжиргааг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд шинэ боломж бий болгоход чиглэсэн аймгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана” хэмээн НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон хэллээ.

Three people observe as a man in white demonstrates CPR on a blue training dummy on the floor.

Meeting with local SME

Түүнчлэн НҮБХХ-ийн Монгол Улсад 2028-2032 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулах зөвлөлдөх уулзалтыг Мандалговь хотод зохион байгуулсан. Тус уулзалтад олон талын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин, ногоон эдийн засгийн шилжилт мөн хөдөлмөр эрхлэлт, засаглал ба иргэдийн оролцооны чиглэлээр Дундговь аймгийн хөгжлийн тэргүүлэх асуудал, хэрэгцээний талаар санал солилцлоо. 

НҮБХХ нь 2028-2032 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрөө боловсруулахдаа орон нутгийн дуу хоолой, хөгжлийн хэрэгцээг бодитоор тусгахад анхаарч ажиллаж байна. Тиймээс тус зөвлөлдөх хэлэлцүүлэгт эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг Улс орныг хөгжүүлэх дараагийн шийдэл боловсруулахад тусгана. Харилцан ойлголцлын санамж бичиг болон Дундговь аймагт зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт нь НҮБХХ, Дундговь аймгийн хамтын ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлж байна. Цаашдын санаачилга, үйл ажиллагааг орон нутгийн бодит нөхцөл, иргэдийн санал, аймгийн хөгжлийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлэх болно.

Photo: Diverse adults sit around a U-shaped table in a bright classroom; presenter at front.

Focus Group Discussion with Private Sector

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн, түншүүдийнхээ өргөн сүлжээнд түшиглэн хүн ард, гараг дэлхийн төлөөх цогц, урт хугацааны шийдлийг бий болгоход улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. 

Xолбоо барих: 

Б. Хулан | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн, НҮБХХ | khulan.bayarsaikhan@undp.org | 99096434