“Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төсөл

Төслийн Хураангуй 

Монгол улсын эдийн засагт эрдэс баялагийн салбар зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Экспортын чиг баримжаатай эдийн засгийг дэмжих төрийн бодлогын хүрээнд эрдэс баялагын салбарыг Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбараар тодорхойлсон бөгөөд 2009-2012 онуудад уул уурхайн үйдвэрлэлийн өгөөж хамгийн өндөр өсөлттэй байсан. Тухайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө эерэг байх хандлагатай  хэдий ч  хүний эрх, хууль дээдлэх зарчимд нийцсэн байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал нь Монгол улсын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна. Уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөлал, үр дагавар нь орон нутгийн иргэдэд томоохон сорилт болсоор байна. Байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тогтолцоо сул байгаагаас  эрдэс баялагийн салбар нь уулын үйлдвэрлэл явуулахдаа хүний эрхийн зарчмууд, хууль дээдлэх ёсыг баримтлахгүй байна.  Эрдэс баялагийн салбарын шийдвэр гаргах үйл явцад төр, бизнес, иргэний нийгэм, орон нутгийн иргэд зэрэг оролцогч талуудын ажил хэрэгч оролцоо, хамтын ажиллагаа, хамтын чармайлт ба хариуцлага дутмаг байна. Бүх түвшний оролцогч талууд эрдэс баялагийн салбарт байгалийн нөөцийн тогтвортой  удирдлагыг хангах байгаль орчны засаглалыг хэрэгжүүлэх байгаль орчны удирдлагын хөшүүрэг, арга хэрэгслийн талаар хангалттай мэдлэг, чадавхи дутмаг байна.

Төслийн Зорилго

Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах Байгаль орчны засаглалын хөтөлбөр (БОЗХ) нь Шведийн Байгаль Хамгаалах Агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан санаачилгаар байгаль орчин, хүний эрхийн зарчмыг эрдэс баялагийн салбарын удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тухайн хөтөлбөр нь улс орнууд, бүс нутаг дотооддоо болон өөр хоорондоо бодлогын шинэлэг хандлагыг харилцан солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын хэмжээнд болон бүс нутгийн түвшинд хэрэгжиж байна. БОЗХ нь аливаа үл ойлголцол, мөргөлдөөн, байгаль орчны доройтол, тэгш бус байдал, гадуурхалт, ядуурлыг өдөөгч хүчин зүйлсийг байгаль орчин ба хүний эрхийн харилцан шүтэлцээт линзээр тодруулан байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах цогц шийдлийг эрэлхийлэхийг зорьж байна. 

БОЗХ нь Риогийн тунхаглалын 10-р зарчим, олон улсын хүний эрхийн тогтолцоо зэрэг дэлхийн байгаль орчны гэрээ хэлэлцээрийн дагуу үндэсний үүрэг амлалтаа биелүүлэх хүчин чармайлтаа ахиулахад нь улс орнуудад дэмжлэг болон, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын (ТХЗ) хэрэгжилтийг хангах үйл явцыг эрчимжүүлэх зорилготой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: EGP website 

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тухайн салбар дахь асуудлын үндсэн шалтгаан, засаглалын доголдлыг шийдвэрлэхэд чиглэсэн, харилцан уялдаа бүхий таван үр дүнд чиглэгдэж байна. Үүнд: 

  1. Оролцоо: Шийдвэр гаргах, хяналт мониторинг хийх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог ханган бэхжүүлж, нөлөөлөлд өртсөн иргэдэд шударга ёс, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх зарчмыг таниулах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах. 
  2. Мэдлэг: Нийгмийн эмзэг бүлгийн үзэл бодол, бодит байдалд үндэслэн мэдлэгийн зөрүүг бууруулахад хувь нэмэр оруулах, судалгаа шинжилгээнд суурилсан бодлогын тогтолцоог  бэхжүүлэх замаар шийдвэр гаргах үйл явцын чанар, хүртээмжийг сайжруулах. 
  3. Инноваци: Байгаль орчин, хүний эрх, тогтвортой байдлын сорилтуудыг шийдвэрлэх туршлагыг иргэдийн оролцоотой тодорхойлох, түгээх замаар шинэлэг шийдэл, шинэ түншлэлийг дэмжих. 
  4. Нэгдмэл байдал: Байгаль орчны бодлого ба  байгаль орчны засаглалд хүний эрхийн чиглэлээр баримтлах бодлогын уялдаа холбоог эрхэмлэх; хууль эрх зүйн болон бодлогын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхийн тулд эрдэс баялагийн бодлого, харилцан уялдаатай бодлогын тогтолцоонд байгаль орчныг асуудлыг нэгтгэх. 
  5. Хэрэгжилт: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах үндэсний болон олон улсын бодлого, тогтолцоо, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах.

 

Зураг: 21 аймгийн Байгаль орчин, уул уурхай, геологийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан Уул уурхайн салбарын химийн бодис, хог хаягдлын менежментийн сургалт, 2019 оны 11 сарын Улаанбаатар, Монгол улс

 

Хүлээгдэж буй үр дүн

Монгол Улсын хувьд БОЗХ нь эрдэс баялагийн салбарын байгаль орчин, нийгмийн үр нөлөөг сайжруулах зорилгоор дараах үндсэн чиглэлийн хүрээнд төр, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлдэг. Үүнд: 

Гол чиглэл 1: Эрдэс баялагийн салбарт хууль дээдлэх ёс, хүний эрхийн зарчмыг бэхжүүлэх замаар байгаль орчны эрх зүйн зохицуулалтын тогтолцоо, хэрэгжилтийн механизмыг боловсронгуй болгох;

  • Эрдэс баялагийн салбарын төрийн захиргааны хууль дээдлэх журам, Эрдэс баялагийн салбар дахь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн хууль ёсны байдлын үнэлгээ,  Хайлуур жоншны үндэсний хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ зэрэг эрх зүйн суурь үнэлгээг хийсэн. 
  • Таван толгойн нүүрсний бүлэг ордны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, бодлого боловсруулагчдад хүргүүлсэн. 
  • Эрдэс баялгийн салбарт Хүний эрхийн магадлан шинжилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгжүүлж байна.
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхэд суурилсан хууль эрхзүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагтай хамтран ажиллаж байна.

Гол чиглэл 2: Нийгмийн тэгш бус байдал, байгаль орчны доройтол, хүний эрхийн зөрчлийг бууруулах шийдвэр гаргах өргөн хүрээний үйл явцад оролцогч талуудын ажил хэрэгч оролцоо, хамтын ажиллагаа, хамтын чармайлт ба хариуцлагыг дэмжих;

  • Олон талт шийдвэр гаргалтыг хөхиүлэн дэмжих зорилгоор эрдэс баялагийн салбарт Хамтын Оролцоотой Байгаль Орчны Мониторингийн загварыг туршиж байна. 
  • Эрдэс баялагийн салбарт өөрийн үйл ажиллагаандаа хяналт мониторинг хийх Хариуцлагатай уул уурхайн жишиг загварыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
  • Эрдэс баялагийн салбарт иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, байгаль орчны засаглалыг зохицуулах үүрэг бүхий агентлаг дундын механизмыг бий болгохыг зорьж байна. 
  • Уул уурхайн нөлөөлөлд өртсөн газруудад оролцогч бүх талуудын хамтын оролцоотой мониторинг хийж байна.

Гол чиглэл 3: Байгалийн нөөцийн удирдлагыг сайжруулахад үндсэн оролцогч талуудын чадавхийг хөгжүүлэх;

  • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон газрын тооллогыг зохион байгуулж, холбогдох талуудыг сургалтанд хамруулж, арга зүй гарын авлагаар хангасан.
  • Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагын талаар оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байна. 
  • Эрдэс баялагийн  салбарт байгаль орчны засаглалыг бэхжүүлэх заавар, гарын авлагыг  оролцогч талуудад зориулж боловсруулсан. 
  • Хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтнуудад зориулсан цахим сургалтын хэрэглэгдэхүүн гаргасан.