БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ ТЭТГЭЛЭГТ ТӨСЛИЙН УРАЛДААН

БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ ТЭТГЭЛЭГТ ТӨСЛИЙН УРАЛДААН

March 12, 2022

ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА.

ҮНДЭСЛЭЛ

Сүүлийн хэдэн арван жилийн эдийн засгийн өсөлтийн үр дүнд Ази Номхон далайн олон оронд орлого нэмэгдэж, ядуурлын түвшин буурч байгаа ч хөгжлийг дагасан эрсдэл, сөрөг үр нөлөө нь нийгмийн янз бүрийн бүлгүүдэд харилцан адилгүй тусч байна.  Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийг зөрчих явдал Азийн бүс нутагт ихээр гарах болсныг бүгд хүлээн зөвшөөрөх болжээ.

2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих, цаашид хэрэгжүүлэх талаарх дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмууд -ыг батлан гаргасан юм. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесийн байгууллагын хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, болон зөрчигдсөн эрхийг сэргээх механизм нь уг зарчмын үндсэн гурван тулгуур юм.

Уг зарчмуудад үндэслэн улс орон бүр өөрийн онцлогт тохирсон Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа ба Монгол Улс 2019 онд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн өргөн оролцоотойгоор Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлээд байна. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь хүний ​​эрхийн зарчмыг нэвтрүүлэх талаар бизнес эрхлэгчдийг тодорхой удирдамж чиглэлээр хангах бодлого, эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн чухал алхам билээ.

НҮБХХ нь 2020 оноос Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр Азийн бүс нутагт Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор “Бизнес ба Хүний Эрх: Хамгаалах, Хүндлэх, Сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” бүсийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд оролцогч орнуудын хамтын хүчин чармайлтаар бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, талуудын мэдлэг мэдээлэл, оролцоог сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, техникийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг дамжуулах, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд НҮБХХ-өөс Монгол улсад хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн асуудлыг таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад бизнесийн үйл ажиллагаас үүсэх хүний эрхийн зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн жижиг төсөл хэрэгжүүлэхэд нь тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байна. 

ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг, 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, үндэсний төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд энэхүү тэтгэлэгт оролцох боломжтой.

Төрийн байгууллага болон ашгийн төлөө бизнесийн байгууллагууд бие даан өргөдөл гаргах боломжгүй ба зөвхөн өргөдөл гаргагч иргэний нийгмийн байгууллагын санал болгож буй төслийн хамтран түншлэгчээр орж болно.

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШАЛГУУР

НҮБХХ-өөс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 16,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг 2 хүртэлх тооны иргэний нийгмийн байгууллагад (1 байгууллагад дунджаар 8,000 ам.доллар) олгоно.

Төслийг дараах шалгуураар үнэлж шалгаруулна:

1.       Өргөдөл гаргагч байгууллагын туршлага, чадавхи

2.       Зарласан төслийн чиглэлтэй нийцэж байгаа эсэх

3.       Төлөвлөж буй үйл ажиллагаануудын үр нөлөө

4.       Төслийн тогтвортой үргэлжлэх, түгээн дэлгэрүүлэх боломж

5.       Хэрэгжих хугацаа, төсвийн бодит байдал

Сонирхсон байгууллагууд 2022 оны 03 сарын 31-ны дотор зүүн гар талын баганаас тэтгэлэгт санал ирүүлэх маягт, дэлгэрэнгүй мэдээллийг татаж аван registry.mn@undp.org хаягаар Бизнес ба Хүний Эрхийн Төслийн Тэтгэлэгт Уралдаанд гэж хаяглан ирүүлнэ үү. Нэмэлт тодруулах зүйл байвал дээрх и-мэйл хаягаар холбогдоно уу.