Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эмзэг бүлгийн иргэдэд түгээлээ

October 5, 2022

Улаанбаатар – 2020 оны 10-р сарын 5: Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслөөс “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяны хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий тараах материалыг Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороотой хамтран Нийслэлийн 7 дүүргийн 71 хорооны эмзэг бүлгийн иргэдэд түгээлээ.

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмж алдагдах, цэвэрлэгээ хийхгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмж алдагдсан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэл үүсдэг. Нүүрсхүчлийн дутуу ислийн хий нь үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий учраас хүн хордсоноо мэддэггүй байх нь элбэг тохиолддог.

Энэ талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь угаарын хийн хордлогоос сэргийлэх чухал алхам учир төслийн нэгжээс эмзэг бүлгийн айл өрхүүд буюу мэдээлэлд хүрэх боломж нь хязгаарлагдмал иргэдэд зориулан угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх тухай  зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэж, тараах материал болгон боловсруулж, эдгээр айл өрхүүдэд хүргэж ажиллалаа. Аяны хүрээнд Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галлагааны зөв дүрмийг баримтлах тухай эдгээр зөвлөмж, тараах материалыг түгээхэд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана. 

Энэхүү “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг 9-р сарын 2-ны өдрөөс 10-р сарын 2 хүртэл 1 сарын хугацаанд гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилготой зохион байгуулж байна.

Төслийн тухай: 👉 www.shorturl.at/cptU9 

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг undp.org/mongolia  хаягаар авна уу.

Европын Холбооны тухай

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Европын Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, тэгш байдал, хууль ёс, хүний эрх, түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйл дээр тулгуурлан байгуулагджээ. Дэлхий даяар хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Б. Тэрэлж | Төслийн техникийн асуудал хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-89005074

И-мэйл: Terelj.batbold@undp.org 

Н.Зулзаяа | Төслийн мэдээлэл харилцааны зөвлөх 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-88054340

И-мэйл: Zulzaya.nyamkhuu@undp.org