Тогтвортой хөгжлийн үндэсний хороо Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийн төслийг хэлэлцэж, дэмжлээ

August 12, 2022

 

Улаанбаатар – 2022 оны 8-р сарын 12: Тогтвортой хөгжлийн үндэсний хороо (ТХҮХ) ээлжит хуралдаанаараа тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах, хөгжлийн бодлоготойгоо уялдуулах гол хэрэгсэл болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги (ҮСНС)-ийн төслийг авч хэлэлцэн, дэмжсэнээр Монгол Улс энэхүү стратегийг  анхлан хэрэгжүүлэх улсуудын нэг боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг ТХҮХ нь яамдууд, агентлагууд болон Монгол Улс дахь НҮБ зэрэг оролцогч талуудаас бүрдсэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн удирдах дээд хороо юм.

Шийдвэр гаргах дээд түвшиндээ энэхүү стратегийг дэмжсэн нь Монгол Улс тус стратегид тусгагдсан шинэчлэл, арга хэрэгсэл, механизмууд нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудад хүрэхэд гаргаж буй ахиц дэвшлээ эрчимжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгааг онцолж байгаа юм. Монгол Улс нь тогтвортой хөгжилд чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд өөрийн орны онцлог болон хэрэгцээнд тулгуурлан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо ба стратегийг боловсруулж буй дэлхийн 86 орны нэг юм.

Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Үндэсний хорооны дэд дарга Б.Жавхлан хуралдааныг нээж үг хэлэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, үр дүнд чиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, Өрийн тогтвортой байдлыг хангах, Шинэлэг, ногоон санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх, Байгаль Орчин Нийгэм Засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжилд эерэг үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтын дэмжих зэрэг олон чухал арга хэмжээ энэхүү стратегид туссан” болохыг онцоллоо.

Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон ТХЗ-уудад хүрэхэд чухал дэмжлэг болох ба стратегийн хүрээнд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдаас татах ТХЗ-ын санхүүжилтийг нэмэгдүүлэх, төрийн төлөвлөлт болон төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, одоогийн санхүүжилтийн эх үүсвэрийг ТХЗ-уудтай уялдуулах мөн түүнчлэн хувийн хэвшлийн санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн стратегийг улам боловсронгуй болгох замаар нэмэгдүүлэх зэрэг чухал ажлууд хийгдэх юм.

“Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог боловсруулснаар Монгол Улс ҮСНС-д тусгагдсан арга хэрэгслүүд болон механизмуудын хүрээнд тогтвортой хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэйгээ уялдуулах замаар хөгжлийн гарцаа тодорхойлох боломжтой. Энэ ажил цаашид амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Засгийн газрын манлайлал, үндэсний болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэл нь чухал ач холбогдолтой юм” гэж НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Сангийн яамны удирдлага дор ТХЗ-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-ын санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн зүгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийг боловсруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Т. Дэлгэрнаран | Төслийн үндэсний зохицуулагч | НҮБ-ын Хамтарсан Хөтөлбөр | НҮБХХ delgernaran.tumurtogoo@undp.org

Ясин Жанжуа | Эдийн засагч | НҮБХХ |  yasin.janjua@undp.org 

***

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага юм.