Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа санхүүжүүлэх нэгдсэн санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж байна

June 9, 2022

 

Улаанбаатар – 2022 оны 6-р сарын 9: Монгол Улс болон хөгжиж буй дэлхийн олон оронд үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх нь томоохон сорилт болж байгаа билээ. Тэгвэл боломжит шийдэл, олон улсын шалгарсан туршлагыг хэлэлцэх зорилгоор Засгийн газар, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүтэй НҮБ-ын байгууллагууд хамтран “Ирээдүйгээ санхүүжүүлье: “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт семинарыг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зочид төлөөлөгчдөд зориулан зохион байгуулж байна.

Ковид-19 цар тахал, дэлхийн геополитикийн хямралаас гадна төсвийн алдагдал нэмэгдэж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх санхүүгийн орон зайг хумисан энэ цаг үед энэхүү семинар зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021-2030 онуудын хооронд бүрэн  хэрэгжүүлэхэд нийт 100-120 их наяд төгрөг шаардлагатай байгаа нь Монгол Улсад нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр ихээр шаардлагатай байгааг илтгэж байна.

Сангийн дэд сайд С. Мөнгөнчимэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ санхүүжүүлэхэд дан ганц төсвийн санхүүжилт хангалтгүй учраас Засгийн газар, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүд бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн эх үүсвэрээ хооронд нь уялдуулах, санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Семинарын гол сэдэв болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо (ҮСНТ)-г Монгол Улс болон дэлхийн 80 гаруй улсууд боловсруулж байгаа юм. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра ҮСНТ-ны ач холбогдлыг онцлон тэмдэглээд, “Монгол Улс ҮСНТ-гоор дамжуулан олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэйгээ уялдуулах, тогтвортой хөгжлийн төлөө санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг дайчлах, тэр дундаа энэ чиглэлд хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар цаашдын хөгжлийн замаа тодорхойлох боломж бий” гэв.

“Европын холбоо ҮСНТ-ны платформийг анх Аддис Абаба хурлаас 2015 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улс болон олон улсад платформийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ чухал цаг үед ҮСНТ нь Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудаа санхүүжүүлэх хүрээнд төрийн төлөвлөлтийн үйл явцыг бэхжүүлэх, тулгамдаж буй сорилтуудыг илрүүлэх, даван туулахад дэмжлэг үзүүлэх юм” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз арга хэмжээний нээлтийн үеэр онцлов.

Семинарын үеэр ҮСНТ-г бүрдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй олон чухал ажлуудыг танилцуулсан ба үүнд дөрвөн яаманд амжилттай туршсан үр дүнд суурилсан болон ТХЗ-д нийцүүлсэн төсөвлөлтийн талаар, ТХЗ-ын гүйцэтгэлийн аудитын туршилтыг Үндэсний Аудитын газарт амжилттай туршсан талаар, Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлууд танилцуулагдсан.  Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр ТХЗ-ын Санхүүжилтийн Таксономи, ТХЗ-ын Хөрөнгө оруулагчдын зураглал, ТХЗ-той нийцсэн бондын хүрээ болон түүний суурь судалгаа, Гадаад өрийг уур амьсгалын хөрөнгө оруулалтад дүйцүүлэн шилжүүлэх хэлцлийн судалгааг хөгжүүлж байгаа талаар мөн танилцууллаа.  

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Т. Дэлгэрнаран | Төслийн үндэсний зохицуулагч | “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” НҮБ-ын хамтарсан хөтөлбөр | delgernaran.tumurtogoo@undp.org

***

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага юм.

НҮБ-ын Хамтарсан Хөтөлбөр ба НҮБХХ-ийн төслийн тухай

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Сангийн яамны удирдлага дор ТХЗ-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” НҮБ-ын хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсад ТХЗ-ын нэгдсэн санхүүжилтийг бэхжүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн НҮБХХ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг хөгжүүлэх нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газарт Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийн хүрээнд тогтвортой хөгжлийг санхүүжүүлэхэд ашиглаж болох шинэлэг санхүүжилтийн механизм, хэрэгслийг судлахад дэмжлэг үзүүлж байна.