Европын Холбооны санхүүжилттэй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл бохирдлоос нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгахад Засгийн Газарт дэмжлэг үзүүлж байна

June 9, 2022

Монгол улс, УЛААНБААТАР ХОТ – Монгол Улсын хүн амын 3 хүн тутмын 1 нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин, эсвэл хорт хавдар гэх мэт халдварт бус өвчнөөр (ХБӨ) нас барах эрсдэлтэй гэсэн статистик байдаг. Харин эдгээр халдварт бус өвчлөлтүүдийн гол үүсгэгч шалтгаануудын нэг нь хүрээлэн буй орчны бохирдол юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, дэлхийн нийт нас баралтын дөрөвний нэг орчим нь орчны бохирдлоос үүдэж буй бөгөөд жил бүр энэ шалтгаанаар 13 орчим сая хүн нас барж байна.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс (НҮБХХ) хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл нь орчны бохирдлоос үүдэлтэй ХБӨ-ний асуудлыг шийдэх зорилготойгоор Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тус төслийн багийнхан саяхан зохион байгуулагдсан Европын Холбооны Өдөрлөгт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран оролцож хүрээлэн буй орчны бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэлийн талаар мөн бохирдлоос хэрхэн өөрсдийгөө хамгаалж эрүүл мэнддээ анхаарах талаар олон зуун хүнд танилцуулж, мэдээлэл өгсөн байна.

“Орчны бохирдолд өртөх нь цус харвалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, уушгины хорт хавдар, уушгины өвчлөл зэрэг Монгол Улсын хэмжээнд гарч буй ХБӨ-ний гол шалтгаан болж, улмаар өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлсээр байгааг бид Эрүүл Мэндийн Салбарын Хэмжүүр, Үнэлгээний Хүрээлэнгийн 2019 оны тоо баримтуудаас харж болохоор байна. Тийм учир бид Монгол Улсын нийт хүн амын эрүүл мэндийн төлөө бохирдлыг эрчимтэй бууруулах ёстой” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Акселл Никэйз онцлон тэмдэглэв.

НҮБХХ нь байгаль орчны бохирдлыг багасгах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар нас баралт, өвчлөлийн түвшинг бууруулан, улмаар хүн амын эрүүл мэндийг бүхэлд нь сайжруулах зорилгын хүрээнд тус төслөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж засаглал болон техникийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

“Уг төслийн алсын хараа нь засаглал, хууль эрхзүйн болон санхүүжилтийн орчныг сайжруулснаар бохирдлыг бууруулах замаар ХБӨ-ний нас баралт, өвчлөлийг багасгах бөгөөд төслийн эцсийн үр шимийг хүртэгчид нь Монгол Улсын иргэд, ялангуяа бохирдолд хамгийн өртөмтгий хүн амын бүлгүүд байх болно” гэж НҮБХХ-н Монгол дахь орлогч суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар цохон тэмдэглэв.

“Хүмүүст хүрээлэн буй орчны бохирдол тэдний эрүүл мэндэд нь хэрхэн сөргөөр нөлөөлж болох талаар мэдээлэл хэрэгтэй байгаа учраас энэ төслийн ач холбогдол өндөр байна. Өнөөдөр би орчны бохирдлын нөлөөллийн талаар мэдлэг, мэдээлэлгүй маш олон хүмүүстэй ярилцлаа" гэж төслийн сайн дурын ажилтан, Байгаль орчны инженерээр суралцаж буй оюутан Нана дурдав.

НҮБХХ болон Монгол Улсын Засгийн газар нь төслийн хүрээнд ирэх 18 сарын хугацаанд дараах үр дүнгүүдийг гаргахаар зорин ажиллаж байна. Үүнд:

  • ХБӨ-ний болон орчны бохирдлын талаарх мэдээллийг шийдвэр гаргагчдад илүү хүртээмжтэй болгон бодлого боловсруулалтын явцад ашиглах боломжтой болгох
  • ХБӨ-нийг бууруулах салбар дундын олон талт бодлого, хөтөлбөрүүдэд байгаль орчны нөлөөлөгч хүчин зүйлсийг, тэр дундаа бохирдлын асуудлыг багтаасан байх
  • Орчны бохирдол, эрүүл мэндийн асуудлыг хамруулсан хоорондоо уялдаа холбоо бүхий байгаль орчны хууль, бодлого, стандарт, зохицуулалтыг боловсронгуй болгох чадавхыг нэмэгдүүлэх
  • Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нэн ялангуяа бохирдлыг бууруулахтай холбоотой арга хэмжээг өргөжүүлэхийн тулд шинээр боловсруулагдаж гарсан заавар, журам, арга хэрэгслийг түгээж, дэлхий нийтэд энэ чиглэлээр сурталчлан таниулах ажлыг бэхжүүлэх.

* * *  

Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тухай: Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газар нь 2017 онд байгуулагдсан. Тус газар нь Европын холбоо болон Монгол Улс хоорондын албан ёсны харилцааг зохицуулж, хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

НҮБХХ-ийн тухай:  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжлийн үр дүнг тогтвортой байлгахын тулд бодлого боловсруулах, манлайллын ур чадвар, түншлэлийн чадвар, институцийн чадавхыг хөгжүүлэх, тэсвэртэй байдлыг бий болгох үйл ажиллагаанд засгийн газруудад туслалцаа дэмжлэг үзүүлж ажилладаг.

Төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Б. Тэрэлж

Төслийн техникийн асуудал хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Утас: +976-89005074

И-мэйл: Terelj.batbold@undp.org