Монгол Улсад дижитал бичиг үсгийн боловсролыг үнэлэх нь

June 22, 2021

НҮБХХ

Ердөө 25 жилийн өмнө алслагдмал нутгийн малчин сумын төв орохоос нааш утсаар ярьж чаддаггүй байлаа. 1990-ээд оны дундуур бидний амьдрал гар утас нэвтэрснээс хойш энэ байдал эрс өөрчлөгджээ. Өнөөдөр Монголд бараг хүн бүр (99.6%[1])  гар утас барьж, түүнчлэн 80 гаруй хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна гэсэн тооцоо бий. Гэвч энэ мэдээлэл технологийн хүртээмж нэмэгдсэнээр бодит “цахим ур чадвар” буюу орчин үеийн цахимжсан нийгэмд суралцах, орлого нэмэгдүүлэх, хөгжиж дэвших талаарх хүмүүсийн мэдлэг, хандлагын өөрчлөлтийг бүрэн харуулж чадахгүй.

“Цахим ур чадвар”-ыг судлахуй

Аливаа ажил мэргэжил бүрд тодорхой хэмжээний цахим ур чадвар шаардагдаж буйн хэрээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлд амжилттай ажиллаж, амьдрахын тулд боловсролын түвшин хамаарахгүй бүх насны хүмүүст цахим ур чадварыг гаргууд  эзэмших шаардлага улам бүр тулгарч байна.  Цахим ур чадварын хувьд текст шивж бичихээс эхлээд онлайн маркетинг, цахим худалдаа зэрэг илүү нарийн мэргэжлийн чиглэлийг хамардаг хэдий ч, илүү өргөн хүрээнд хүмүүсийн зан чанар, үнэт зүйл, зуршил, өдөр тутмын хэвшмэл үйлдэл, ажил мэргэжлийн  мэдлэг, туршлага, дадал болгон хөгжүүлж буй цогц үйл явцыг авч үздэг.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хөгжил дэвшлээс “хэнийг ч орхигдуулахгүй” байх зарчмын хүрээнд Монголын эмзэг бүлгийн иргэдийн дунд цахим технологийг өөрсдийн амьдралд үр өгөөжтэй ашиглах боломж,  чадвар хязгаарлагдмал, эргэлзэх, үл итгэх байдал ажиглагдаж байгаад онцгой анхаарч ажиллаж байна. Цахим ур чадвар хоцрогдолтой байгаа иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд бүрэн оролцох иргэний эрхээ эдлэх, сэтгэл ханамжтай амьдрахад асуудал байгааг илтгэж байна. Үүнээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим технологийг бүрэн ашиглахад олон бэрхшээл тулгардаг. Тиймээс хэрэглэгчийн цахим чадварын түвшнийг тогтоосны үндсэн дээр тэдний хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй, практикт тохирсон цахим үйлчилгээ, сургалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Хүмүүсийн цахим ур чадварыг үнэлэх шийдлүүд

Менежментийн салбарын сэтгэгч Питер Дракер нэгэнтээ “хэмжиж чадахгүй зүйлээ удирдаж чадахгүй" гэж хэлсэн нь олонд их хүрсэн байдаг. Дэлхийн хэмжээнд хүмүүсийн цахим чадварын түвшинг тодорхойлох янз бүрийн оролдлого хийж байгаа ч, одоог хүртэл жигдрээгүй, хөгжсөөр сайжирсаар байна. Зарим аргачлал нь мэдээллийн технологийн салбарын боловсон хүчнийг хөгжүүлэхэд чиглэдэг бол, өөр нэг нь иргэдийг цахим үйлчилгээг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглаж сургахад анхаардаг. Тухайлбал Google-ийн аргачлал нь цахим маркетинг, худалдаанд суурилсан бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэхээр зорьсон байдаг бол ICDL аргачлал нь боловсон хүч, боловсрол, нийгмийн цахим ур чадварын стандартыг бүхэлд нь дээшлүүлэхэд зорьж ажилладаг. Өөр өөр чиглэлд ажиллаж байгаа хэдий ч эдгээр аргачлал болгон дэлхий нийтэд цахим боловсролын суурийг зөв тавих хэрэгтэй байгаа дээр санал нэгдэн зөвшөөрч байна.

DigComp framework 2.1 нь Европын Холбооны ихэнх гишүүн орнууд, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд хэрэглэдэг түгээмэл аргачлал юм. Нийгмийн янз бүрийн бүлгүүд, нөхцөл байдалд тохируулан ашиглаж болох уян хатан байдал нь энэ аргачлалын гол давуу тал юм. Түүнчлэн энэ аргачлалыг ашиглан цахим бичиг үсэг огт тайлагдаагүй, эсвэл бага мэдлэгтэй хүмүүс амьдралдаа хэрэгтэй хамгийн чухал чадварыг суралцах, түүн дээр ахиц дэвшил гаргаж байгаа эсэхээ үнэлж дүгнэхэд тусалдаг. DigComp нь 5 чиглэлээр 21 чадамжийг найман түвшнээр тогтоож (үүнийг доороос харна уу), цахим технологийг ашиглан асуудлыг ялгаж салгах, бүтээлч чадвараа хөгжүүлэх, бусадтай хамтран ажиллах боломжийг олгодог.

Эх сурвалж: Digital Competence Framework for citizens (DigComp): State of play and Next Steps

Нөхцөл байдалд тохируулан турших нь

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Accelerator Lab” нь DigComp аргачлалыг эмзэг бүлгийн иргэдийн цахим чадварыг үнэлэх туршилтад ашиглаж байна. Бид "тухайн хүний ​​боловсролын тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлээс шалтгаалж цахим чадварын талаар ямарваа нэгэн таамаглал дэвшүүлэх ёсгүй" гэсэн зарчмыг баримталж байгаа бөгөөд эмзэг бүлгийн гэгдэх бага орлоготой, алслагдмал хүн ам, шилжин суурьшигчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цахим ур чадварыг үнэлэх судалгаанд хамруулж байна. Монгол орны онцгой нөхцөл, эдгээр бүлгийн өвөрмөц хэрэгцээг тусгахын тулд бид аргачлалын тайлбар, жишээг орчуулж, хэл найруулгыг өөрчилсөн. Урьдчилсан туршилтыг хийсний үндсэн дээр судалгаанд оролцогсдыг техникийн хүнд үг хэллэгээр хүндрүүлж, будилуулахгүй байх үүднээс аль болох энгийн үг ашиглан ярилцаж, шаардлагатай үед өөр орлуулах тайлбарыг өгч байна.

Аргачлалын өөрийгөө үнэлэх хэсэг нь зорилтот бүлгийнхэнд тулгардаг бэрхшээл, боломжуудыг нарийн ойлгоход хангалтгүй гэж үзсэний үндсэн дээр бид судалгааны арга зүйгээ ажиглалт, фокус бүлгийн ярилцлага, хэлэлцүүлгээр баяжуулсан билээ. Ажиглалтыг явуулахдаа Монголын цахим хэрэглээнд тохируулж өөрчилсөн даалгаврыг судалгаанд оролцогчдоор гүйцэтгүүлж байна.

Манай туршилт судалгаа хараахан дуусаагүй үргэлжилж байгаа хэдий ч цахим технологи хөгжихийн хэрээр түүнийг ойлгоход уян хатан хандлага шаардлагатай болохыг олж мэдсэн. Хэдийгээр DigComp өндөр түвшинд боловсруулж, туршсан аргачлал боловч, бид үндсэн санааг нь хадгалахын сацуу дундаж иргэний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн өөрчлөлтийг хийж, сайжруулах шаардлагатай гэдгийг сурлаа. 

[1] MMCG /Mongolian Marketing Consulting Group/-ээс гаргасан 2018 оны судалгаа