НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” анхны үндэсний хэмжээний судалгааг танилцууллаа
September 18, 2025
Улаанбаатар, 2025 оны 9 дүгээр сарын 18 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт судалгааны тайлангийн нээлтийн арга хэмжээ болж, гол дүнг олон нийтэд танилцууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дэлхийн банк хамтран санхүүжүүлсэн тус судалгаа нь Монгол Улсад тэгш, хүртээмжтэй, хүн төвтэй эрчим хүчний шилжилтийг хангахад чиглэсэн бодлогын гарц, шийдлүүдийг санал болгож байна.
Тайлангийн нээлтийн арга хэмжээнд төр, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн төлөөлөл оролцож, судалгааны үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 1,500 гаруй өрхийг хамруулсан тус судалгаагаар орлого багатай өрхүүд өвөлд дунджаар сарын орлогын 26,7 хувийг эрчим хүчний хэрэглээнд зарцуулдаг нь өндөр орлоготой өрхүүдийнхээс даруй дөрөв дахин их ачаалалтай байгааг тогтоосон байна. Ганцаараа амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх болон орлого багатай олон ам бүлтэй өрх өвлийн улиралд гэрээ халаах, эрчим хүч худалдан авахад хамгийн их бэрхшээлтэй тулгардаг.
Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин: “Энэхүү цаг үеэ олсон судалгаа нь Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд бидэнд дэмжлэг болохын зэрэгцээ Тогтвортой Хөгжлийн Зорилго, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөгжлийн стратеги, “Алсын хараа-2050” зэрэг урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно” хэмээн дурьдав.
Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин
Судалгаанд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хангахад гурван тэргүүлэх чиглэлийг онцолжээ. Үүнд: орлого багатай иргэдийг дэмжих нийгмийн хамгааллын нэгдсэн бодлого боловсруулах; ногоон санхүүжилтийн механизмыг иргэдийн дулаалга, технологи ашиглах чиглэлд нэмэгдүүлэх; эрчим хүчний шинэчлэлийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулах тус тус багтсан байна.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “Эрчим хүчний салбарын шинэчлэл нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд зайлшгүй чухал. Дулаан гэртээ амьдрах, гэр бүлээ авч явахад бэрхшээлтэй байгаа иргэдийг хөгжлөөс орхигдуулахгүй байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Цэвэр эрчим хүч рүү хөтлөх алхам бүр бүгдэд тэгш боломжийг олгох алхам байх ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска
Хөгжлийг ахиулах зарим боломж, гарцуудыг мөн судалгааны тайланд онцолсон байна. Тухайлбал, цахилгаан халаагуур, шалны халаалт ашиглах, гэрийн дулаалгаа сайжруулах зэрэг арга хэмжээ авсан айл өрхүүд эрчим хүчний зардлаа танахын зэрэгцээ илүү тав тухтай амьдрах болсон талаар мэдээлсэн. Тиймээс, санхүүгийн зөв хөшүүрэг ашиглах, олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийн үр шимийг илүү олон өрхүүдэд хүртээх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
О. Эрдэнэсүх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан шинжээч, erdenesukh.otgonbayar@undp.org
ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай
ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.