Малчдын зах зээлийн оролцоо, хүртээмжийг дэмжих загвар үйл ажиллагааг туршилтаар хэрэгжүүлнэ

June 21, 2023

Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн

НҮБХХ

Улаанбаатар - 2023 оны 6-р сарын 21. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн тогтвортой бүтээгдэхүүн, малчдын зах зээлд нэвтрэх боломжийг тэлэх загвар үйл ажиллагааг танилцуулах хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. 

Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, байгалийн нөөцөөс хамааралтай малчдын дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2021-2028 онуудад хэрэгжиж байна. 

Үзэсгэлэнгийн үеэр төр, хувийн хэвшил, малчдын байгууллагын төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг дэмжих загвар үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Загвар үйл ажиллагаанд бэлчээрийн даацад малын тоог нийцүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ, экосистемийн үйлчилгээ, малын чанарыг сайжруулах болон малчдын орлогыг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нэг цэгийн үйлчилгээг бий болгох, халдварт өвчингүй, эрүүл нутгийг тогтоох, ногоон зээл олгох, хурга махлуулах гэм мэт үйл ажиллагаагаар дамжуулан нэмэгдүүлэх ажлууд багтаж байна.

Оролцогчид

НҮБХХ

Цаашлаад Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан малын албан татвараар дамжуулан уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэлээ. 

Үзэсгэлэнгээр танилцуулсан загвар үйл ажиллагаанууд нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх Монгол Улсын зорилтыг хангах, ХАА-г байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого үйл ажиллагаатай уялдаж байгаа юм. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадавхыг сайжруулах зорилтот цогц шийдлүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцлоод “Байгалийн нөөцийг зохистой ашиглах, бодлогоор дэмжих, малчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг сайжруулах нь Монгол орны нүүдэлчин өв соёлыг хадгалж үлдэх чухал үйл явдал” болохыг дурдсан юм. 

Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, төслийн зорилтот дөрвөн аймгийн сонгогдсон найман сумын Засаг дарга, малчид, малчдын байгууллага болон холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг https://www.undp.org/mongolia  хаягаас авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБХХ | erdenesukh.otgonbayar@undp.org